“Lockheed Martin”-ы дуунаас хурдан нисэх онгоцыг туршлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
БЕДЕСТА, 2025 оны аравдугаар сарын 29 /lockheedmartin/. Америкийн “Lockheed Martin” корпорац Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвтэй /NASA/ хамтран дуу чимээгүй, дуунаас хурдан “X-59” нисэх онгоцыг туршжээ.
Уг онгоц Калифорни муж улсын Палмдейл хот дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний баазын “Skunk Works” үйлдвэрийн талбайгаас хөөрч, Эдвардс нисэх хүчний бааз дахь Армстронгийн нэрэмжит нислэгийн судалгааны төвийн ойролцоо газарджээ. "X-59 онгоц анхны туршилтын нислэгийн үзүүлэлтүүдийг шалгах бүх даалгаврыг амжилттай гүйцэтгэсний дараа шинэ газарт аюулгүйгээр газардсан" гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.
"Skunk Works" үйлдвэрийн дэд ерөнхийлөгч О.Жей Санчес “дуу чимээгүй дуунаас хурдан технологийг хөгжүүлэх судалгааны тэргүүн эгнээнд байгаа “Lockheed Martin” компаниар бахархаж байна” гэж онцлон тэмдэглэжээ.
NASA-гийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Шон Даффи энэхүү онгоцыг “Америкийн зохион бүтээгчдийн бэлгэ тэмдэг” хэмээн нэрлээд “Бусдаас хол, хурдан, бүр дуу чимээгүй нисэх хүсэл тэмүүлэл бол бидний ДНХ-ийн нэг хэсэг юм” гэж хэлсэн байна.
NASA болон Lockheed Martin компани "X-59" онгоцыг өнгөрсөн оны нэгдүгээр сард танилцуулсан юм. Энэхүү онгоцыг зохион бүтээхдээ дууны хурднаас хурдан нисэх үед үүсдэг хүчтэй дуу чимээг намсгах технологийг ашигласан бөгөөд дууны хурдаас хурдан онгоцоор арилжааны нислэг хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээжээ.
"X-59" онгоцны урт нь 30.4 орчим метр, өргөн нь 9 орчим метр бөгөөд уртынх нь бараг гуравны нэгийг хамрын нарийхан хэсэг эзэлдэг нь дуунаас хурдан нисэх үед үүсдэг цохилтын долгионыг сарниулах зориулалттай. "X-59"-ийн хөдөлгүүрийг онгоцны дээд хэсэгт байрлуулж, доод хэсгийг нь аль болох тэгш болгосноор “дууны цохилт” үүсгэхээс сэргийлжээ. Нисгэгчийн бүхээг онгоцны бараг дунд хэсэгт байрладаг бөгөөд урд тал руу харсан цонхгүй юм.
Тус онгоц дууны хурдаас 1.4 дахин хурдтай нисэх ажээ.
Ulaanbaatar