ДАРХАН-УУЛ: “Төмөр хүн”-ийг дахин босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-06-07 09:32:21

Дархан /МОНЦАМЭ/. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн 15 жилийн ойн хүрээнд 2008 онд ган хайлагчийг бэлгэдэн дүрслэн босгож байсан “Төмөр хүн”-ийг авто зам барихтай холбогдуулан 2019 онд буулгаж байсан. Тэгвэл уг төмөр хүнийг дахин сэргээн засварлаж дахин байрлууллаа. Энэ жил Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн 30 жилийн ой тохиож буй бөгөөд ойн хүрээнд төмөр хүний орчмын 1.8 га талбайг авто зогсоол, ногоон төгөл болгох, иргэдийн ая тухтай амарч тухлах орчин бүрдүүлэхээр бүтээн байгуулалт өрнөж байна.




Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 30-ны өдөр дуусгахаар төлөвлөжээ.




Уг хөшөөний бэлгэдэл нь эх орны эрдэс, баялгаас эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрмэлзлийг шингээсэн утга агуулгатай гэж үйлдвэрийн техникийн хэлтсийн дарга Г.Өлзийсайхан онцоллоо. Нийт найм орчим тонн арматураар хийсэн бөгөөд зарим чимэглэлийг хаягдал төмрийн хийцүүдийг ашиглажээ. Хөшөөний өндөр 9.6 метр, хоёр метр суурьтай, нийт 11.6 метрийн өндөртэй аж.




Төмөр хүн”-ий үндсэн бэлгэдэл нь ган хайлагчийг дүрсэлсэн бөгөөд үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болох арматураар үндсэн их биеийг, төмрийн хүдрээр суурийг үндсэн түүхий эд болох хаягдал төмөрт ирсэн төрөл бүрийн эд зүйлсээр чимэглэсэн нь Дарханыхны төдийгүй зорин ирж буй зочдын сонирхлыг ихэд татдаг аж.




Цээж хэсэгт төмрийн хэмхдэс боловсруулахаас цувимал бүтээгдэхүүн гаргах хүртэлх дамжлагыг илэрхийлсэн бол нуруу хэсэгт цувимал бүтээгдэхүүний төрлүүдийн дээжийг шигтгэж өгчээ. Мөн нүд, чих, өвдөг, карма хэсгүүдэд үйлдвэрлэлийн дамжлагын эд ангиудыг чимэглэл болгон оруулсан бол зүрх нь зогсолтгүй ажиллах улаан өнгийн сэнсээр бүтээжээ.






Related news