Сирийн сөрөг хүчин Засгийн газартай шууд хэлэлцээгээ сэргээхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕЙРУТ. /Rudaw/. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг тавдугаар сарын 19-нд Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа сөрөг хүчнийхэн Засгийн газартай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Энэ тухай Сирийн сөрөг хүчний хэлэлцээ хариуцсан хороо Женевт хоёр өдөр үргэлжилсэн сөрөг хүчний фракцуудын хурлын дараа гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна.
"Сирийн талаар ах дүү, найрамдалт улсуудын хүчин чармайлт эрчимжсэн нь Засгийн газартай шууд хэлэлцээ хийх таатай уур амьсгалыг бүрдүүлж байна” гэж уг мэдэгдэлд онцлоод “хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх замын зураглалыг тусгасан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2015 оны 2254 тоот тогтоолын дагуу тохиролцоонд хүрэх шаардлагатай байгааг” цохон тэмдэглэжээ.
Сөрөг хүчнийхэн хэлэлцээ хариуцсан хороогоо Үндсэн хуулийн хорооны үйл ажиллагаанд оролцох зорилгоор 2018 онд байгуулжээ. Уг хорооны бүрэлдэхүүнд Сөрөг хүчний болон Хувьсгалт хүчний үндэсний эвсэл, Үндэсний зохицуулах хороо, Каир, Москвад төвтэй сөрөг хүчний төлөөлөгчид багтдаг байна.
Үндсэн хуулийн хороог 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Сочи хотноо Сирийн үндэсний яриа хэлэлцээний конгрессоос баталсан тогтоолын дагуу байгуулсан бөгөөд Засгийн газар, сөрөг хүчин, иргэний нийгэм төлөөллөөс тус бүр 50 төлөөлөгч багтсан нийт 150 хүний бүрэлдэхүүнтэй юм. Энэхүү хороо нь Сирийн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар зөвлөмж боловсруулах үүрэгтэй бөгөөд гол хуульд өөрчлөлт оруулсны дараа НҮБ-ын ивээл дор бүх нийтийн сонгууль явуулна.
Тус байгууллагын долоо дахь удаагийн хуралдаан хоёрдугаар сарын 6-нд болсон сүйтгэлт газар хөдлөлтийн улмаас хойшлогджээ.
"Женев дэх яриа хэлэлцээнд оролцогчдын хооронд санал зөрөлдөөн, харилцан үл итгэх байдал байсаар байгаа нь Үндсэн хуулийн шинэчлэлийн төслүүдийн талаарх хэлэлцээнд шилжих боломжийг олгохгүй байна" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч, Норвегийн дипломатч Гейр Педерсен урьд нь мэдэгдэж байв.
Харин Арабын улсуудын холбоо Сирийн гишүүнчлэлийг сэргээсний дараа "бүс нутаг дахь дипломат үйл ажиллагаа улс төрийн шийдлийг олох хүчин чармайлтад нааштай нөлөөлнө" гэж Норвегийн дипломатч үзэж байна.