Д.Трамп Малайз, Япон, Өмнөд Солонгост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-21 10:12:55

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /Kyodo/. Удахгүй Малайз, Япон, Өмнөд Солонгосыг зорино гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдсэний зэрэгцээ “Хятадтай сайн харилцаатай байхыг хүсэж байна” хэмээн хэлжээ. 


АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны хурцадмал байдал дахин сэргээд байгааг үл харгалзан ирэх долоо хоногт Өмнөд Солонгост БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах төлөвтэй байгаа энэ үед Д.Трамп дахин өөдрөг өнгө аяс илэрхийлсэн байна.


Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезетэй уулзах үеэрээ Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “Бид шударга тохиролцоонд хүрэх болно. Би Хятадтай сайн харилцаатай байхыг хүсэж байна. Ши Жиньпин даргатай тогтоосон харилцаагаа би ихэд үнэлдэг” гэж хэлжээ.


“Бид үүнийг уулзахад тохиромжтой газар байх болно гэж бодсон, уулзалт удахгүй болох гэж байна. Би Малайз, Японд очих болно” гэж Д.Трамп ярьжээ.


Энэ сарын сүүлчээр болох Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Солонгост айлчлах үеэрээ Ши Жиньпинтэй ганцаарчилсан яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж Д.Трамп удаа дараа мэдэгдсэн юм.


Гэхдээ Д.Трамп Малайз, Японд айлчлах төлөвлөгөөнийхөө талаар анх удаа мэдэгдсэн нь энэ юм. Тэрбээр өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.


Японы Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр, Д.Трамп Зүүн Өмнөд Азийн орнууд болон тэдгээрийн түншүүд оролцох бүс нутгийн чуулганд оролцохоор Малайзад хүрэлцэн очсоныхоо дараа 10 дугаар сарын 27-ноос Японд гурван өдрийн айлчлал хийх төлөвтэй байна.


Д.Трамп Японд айлчилсныхаа дараа Өмнөд Солонгосыг зорино гэж эх сурвалжууд мэдээлжээ. Түүний хувьд удахгүй Ази тивд хийх айлчлал нь бүрэн эрхийн хоёр дахь хугацаа нь нэгдүгээр сард эхэлснээс хойш тус бүс нутагт хийсэн анхны айлчлал болно.

Related news