“COP30” Бразилын Белен хотод болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-27 11:34:52

БРАЗИЛИА. /CNN/. НҮБ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцид нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 30 дахь удаагийн чуулганыг /COP30/ зохион байгуулах орноор Бразил улсыг сонгож, Амазоны Белен хотод 2025 онд зохион байгуулахаар болжээ. Энэ тухай Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва баасан гарагт мэдэгдлээ.


“Миний бие Египет, Парис, Копенхагенд болсон чуулгануудад оролцож байсан. Амазоны ширэнгэн ойтой холбоотой асуудал чуулганы үеэр байнга хөндөгддөг. Иймд Амазоны талаар, гол мөрөн, ой мод, ан амьтдынх нь талаар илүү их таньж мэдэх боломжийг бүрдүүлэхийн тулд яагаад энд зохион байгуулж болохгүй гэж гэсэн бодол төрсөн” гэж Лула да Силва  “Twitter” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгийнхээ үеэр тэмдэглэжээ.


Бразилын Гадаад хэргийн сайд Мауро Виейрагийн мэдээлснээр, НҮБ “COP30” бага хурлыг зохион байгуулах Бразилын хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн байна. Лула да Силва өнгөрсөн онд Египет улсын Шарм-эль-Шейх хотноо болсон “COP27”-гийн үеэр уг хүсэлтийг тавьсан юм.


Белен хот нь Амазоны ширэнгэн ойн захад оршдог, Бразилын хойд нутгийн хот бөгөөд Амазон мөрний эрэг дагуу оршдог Пара мужийн нийслэл юм. “СОP” нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн заалтуудын хэрэгжилтийг үнэлж дүгнэх, шинэ дүрэм журмуудыг боловсруулах, оролцогч талуудын хүлээсэн үүргийг хэлэлцэх зорилгоор жил бүр хуралддаг чуулган билээ.

Related news