Азийн физикийн XXIII олимпиадын эргэн тойронд

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-27 09:17:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд зохион байгуулж буй Азийн физикийн 23 дугаар олимпиад үргэлжилж байна.

 

Азийн 30 орчим орны авьяаслаг, оюунлаг сурагчид оролцож буй тус олимпиадын эргэн тойронд:

 

-Монголын физикчдийн боловсруулсан онолын бодлого, туршилтын даалгаврыг долоон өдрийн туршид гүйцэтгэж, зочид чөлөөт цагаараа Улаанбаатар хоттой танилцлаа.

 

-Чингис хаан, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй танилцаж, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газраар зочдоо аялуулжээ. Авьяаслаг сурагчдыг “Хүүхдийн парк” дээр тоглуулсан байна. Чөлөөт хөтөлбөрийг Соёлын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хариуцан зохион байгуулж байна.

 

-Олимпиадын бэлтгэл ажил, зохион байгуулалтад ажиллахаар шалгарсан Сайн дурынхны хэлний мэдлэг, харилцаа хандлага, соёлтой зочломтгой зан чанар тэдэнд таалагдаж буй юм.

 

-Кемпински, Рамада, Миллениум зэрэг олон улсын сүлжээ томоохон буудалд зочдыг тав тухтай байрлуулж, орон орны онцлогт тохирсон, захиалсан /халал хоол, цагаан хоол гэх мэт/ хоолны үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдүүдийн шүд өвдөх, хоолой хөндүүрлэх гэх мэт асуудал гарч байгаа хэдий ч Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар үйлчилж байна.

 

-Боловсролын Ерөнхий газар, ФТХ-ээс ерөнхий удирдлагаар хангаж, МУИС, ШУТИС, МУБИС болон ЕБС-ийн багш, эрдэмтэн судлаачдын баг өргөн бүрэлдэхүүнтэй хамтран ажиллаж байна.

 

-Онолын бодлогын хэлэлцүүлэг болж, Монголын физикчид бодлогоо амжилттай батлуулжээ. Туршилтын багаж, бодлогын даалгаврууд ч шинэ санаа, оновчтой байдлын хувьд Азийн физикчдийн анхаарлыг татжээ. Удахгүй дүн гарч шилдгүүд тодрох юм. Монголын физикчдийн дэвшүүлсэн бодлогууд дараагийн олимпиад хүртэл яригдах гол сэдэв байна гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй буйгаа илэрхийллээ.

 

Ташрамд дурдахад, Азийн физикийн XXIII олимпиадын зочин Нобелийн шагналтан Константин Новоселов 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 14.00 цагт Соёлын төв өргөөнд лекц унших юм. Энэ нь тус олимпиадын бас нэгэн онцлох хөтөлбөр болж байна.



Related news