ЗАВХАН: "Соёлын сэргэлт-2023" нээлтийн ажиллагаа энэ сарын 31-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-27 07:26:31

Улиастай /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт-2023” аяны Завхан аймаг дахь нээлтийн ажиллагаа энэ сарын 31-ний өдөр Улиастайд болно.


Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх. Соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж буй.



Аяныг нийслэл, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сум, 15 тосгонд яам, харьяа соёл, урлагийн 26 байгууллагаас таван бүсэд баг бүрэлдэхүүн томилогдож тусгай хөтөлбөрийн дагуу тав, зургаа, ес, аравдугаар сард зохион байгуулах юм.

Аяны хүрээнд орон нутгийн иргэдэд зориулсан соёл, гэгээрлийн лекц, илтгэл, чадавхжуулах сургалт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн болон соёлын биет бус өвийн үзэсгэлэн, номын өдөрлөг, урлагийн тоглолт зэрэг олон талт соёл, урлагийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Завхан аймагт соёлын сэргэлтийн аяны хүрээнд, “Соёл ба урлаг” соён гэгээрүүлэх лекц, "Монголчуудын үнэт зүйл ба үндэсний тусгаар тогтнол" лекц, Соёл урлагийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт болно. Мөн музейн боловсролын хөтөлбөр, Завхан аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа, соёлын түүхэн дурсгалт баримтын үзэсгэлэн, соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болно.

Түүнчлэн Open Mic зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүд болно гэж Завхан аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв. 



Related news