С.Оюун: Ном ашигтай гэхээсээ илүү оюуны хөдөлмөр юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-26 16:51:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Илүү их уншъя” уриан дор төв талбайд болж буй Үндэсний номын баярын нээлтийн үеэр зарим хүнээс сэтгэгдлийг нь сонссон юм.


УИХ-ын гишүүн Э.Батшугар: Ном бол тархины тэжээл, булчингийн гимнастик                                   

-Номын баярын ач холбогдлыг уншигчийн хувьд хэрхэн дүгнэдэг вэ?

-Миний хувьд ном бол оюун ухаан, мэдлэг боловсролын далай гэж үздэг. Монголчууд эрт дээр үеэс номыг хүндлэн дээдэлдэг байсан. "Монголын нууц товчоо", XX зууны манай алдартай зохиолчдын дэлхийд танигдсан романууд, академичдийн бүтээлүүдийг дурдаж болно. Мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед залуус номоор дамжуулан мэргэжлээ сонгож байна. Монголчууд оюунлаг боловсролтой хүн монголын ирээдүй гэдэг. Оюунлаг, боловсролтой болохын тулд номтой нөхөрлөх нь чухал. Ном бол тархины тэжээл, булчингийн гимнастик гэж хэлж болно.

 

-Номыг хэрхэн сонгож уншдаг вэ?

-Түүх, бизнес, санхүү, эдийн засгийн ном их уншдаг. Мөн баримттай, судалгаатай ном унших дуртай. Тухайн оны Нобелийн шагнал хүртсэн академичдийн бүтээлүүд, XIII зууны үеийн монголчуудын түүхийн номыг байнга уншдаг. Хамгийн сүүлд “Рубрукийн бүтээл” ном авснаа уншиж байна. Энэхүү номд Францын Рубрук нэртэй лам Монголд Мөнх хаантай уулзах гэж ирж байгаа талаар өгүүлдэг юм.

 

-Багаасаа номын дунд өссөн байж таарна. Таны номын сан хэр арвин вэ?

-Би номын сангийнхаа номнуудыг сэдэв сэдвээр нь ангилсан байгаа. Гэхдээ сүүлийн 5-6 жилд цахимаар номоо худалдаж авч уншиж байгаа. Дэлхийн ямар ч номыг англи хэлээр худалдан авахад боломжтой болсонд баяртай байгаа. Дэлхийн унших ёстой “ТОП-10” номыг "Финаншл Таймс" болон бусад сэтгүүлээс шууд худалдан авч уншиж байгаа.

 

С.Оюун: "Роман биш" романууд их болсон байна                                                                                                                      Энэхүү номын баярт Төрийн шагналт, СГЗ, зохиолч С.Оюун “Сэтгэшгүй чандмань сүмийн дууль”, “Домогт хүрэн халзан” романтайгаа иржээ.                                             

-Та номын баярыг яруу найрагч, зохиолч, хэвлэн нийтлэгчид номоо борлуулдаг худалдаа гэдгээс илүүтэй олон түмэнд өгөх оюуны тэжээл, соёлын өв талаас нь хэрхэн дүгнэдэг вэ?

-Номын баяр өргөн болж байна. Хүмүүс номын баярыг хүлээдэг болсон. Гагцхүү хүмүүсийн амьдралын чанар доройтсон байна. Ном авмаар байгаа боловч мөнгө нь хүрэлцэхгүй бэрхшээлтэй байгаа нь харагдаж байна. Мөн номын хэвлэлтийн зардал үнэтэй болсон. Монголд цаас гээд бүгдийг нь гаднаас оруулж ирдэг. Түүнээс биш номоо өндөр үнэтэй зарах гэдэг зохиолч нэг ч байхгүй. Гэтэл хэвлэлтийн зардал өндөр болохоор 30 гаруй хувийг нь дэлгүүрүүд авдаг. Түүнээсээ татвар төлнө. Ном ашигтай гэхээсээ илүү оюуны хөдөлмөр юм.

 

-Номын баярт хэд дэх удаагаа оролцож байна вэ?

-Номын баяр 33 дахь удаа болоход би гурав дахь удаагаа оролцож байна. Ном бичдэг хүн олон болсон байна. "Роман биш" романууд их болсон байна. Утга зохиолын тогоонд 50 жил болсон хүний хувьд роман, тууж гэж юуг хэлдгийг мэднэ. Роман бичье гэвэл роман л бичмээр байна. Бидэн шиг учрыг нь мэддэг хүнд зовлонтой байдаг. Уншигч, зохиолч хоёрын дунд байгаа зовлонтой бэрхшээл бол энэ юм. Судлаачид энэ талаар зааглаж ялгаж хэлэхгүй, урсгалаараа явж байна. Тиймээс уншигчид гарчиг, номын нэрэнд хууртаад худалдан авч байгаа нь харагддаг.

 

МУСГЗ Д.Төрмөнх: Ном уншихад хүн юмыг илүү гүнзгий ойлгож чаддаг

Тэрбээр “Миний мэдэх Ерөнхийлөгч Баттулга”, ”МОНГОЛО гэдэг эрхэм”, “Чөтгөрийн хотын тэмдэглэл", “Нэр  нэгтний хоёр үхэл”, “Нийтлэлүүд болон антолог буюу гилромоц” номоо танилцуулж байна.         

-Та сэтгүүлч, зохиолч хүний хувьд уншигчдад өгөх үр өгөөжийн талаар юу хэлэх вэ?

-Ном бол маш чухал юм. Ер нь кино гарч эхэлснээс хойш номын уншилт багассан. Ном уншихад хүн юмыг илүү гүнзгий ойлгож чаддаг. Тиймээс ном хэзээ ч алга болохгүй. Барууны орнууд, Японд цаасан ном уншдаг хэвээрээ. Манайд сүүлийн үед фэйсбүүк, цахим сүлжээ нэвтэрснээр хүмүүс уртхан юм уншихаа болиод байна. Гэхдээ уншдаг хэсэг нь уншдаг. Аль ч улс оронд уншдаг тусгай хэсэг байдаг. Ном уншихаа байсан гэдэг бол худлаа. Би номоороо амьдардаг хүн.

 

-Номын баярын үеэр зохиолчид гарын үсгээ зурж, ном борлуулахаас гадна баярын цар хүрээ улам нэмэгдэж байгаа нь анзаарагдаж байна?

-Номын баяр бий болсноос хойш хүмүүс номонд дуртай болж байна. Үнэхээр баяр болчихоод байна. Номын баярт ирдэг хүмүүсийн тоо улам ихэссэн. Зохиолчид дэлгүүрийн үнээс 30 хувиар хямдруулан номоо борлуулдаг. Зохиолчидтой нь уулзаж, гарын үсгийг нь зуруулдаг гээд миний хувьд хамгийн гоё баяр.

 

Яруу найрагч Б.Галсансүх “Хагас реалист шүлэг”, “Бурханд хэлэх зөвлөгөө”, “Түүхийн шүлгүүд”, “Бурханд хэлэх зөвлөгөө постпанк шүлгүүд” номоос гадна “Контемпорари шүлгүүд” хэмээх шинэ номоо дэлгэсэн байлаа. Тэрбээр “Нэг үеэ бодвол монголчууд маань уншдаг болсон байна. Улам сайн уншдаг болоосой. Хүн бүр өөр өөрөөр боддог байх. Ном унших гэдэг бол хүний ертөнцөд ирсэн аз жаргалын нэг гэж боддог” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.





Үндэсний номын баяр гурав хоног үргэлжилнэ.

Related news