ДУНДГОВЬ: А.Үүрийнцолмон: Ном уншихгүй л бол хоцроод байгаа мэдрэмж төрдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-22 10:40:43
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. 33 дахь удаагаа тэмдэглэж буй Үндэсний номын баярыг С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сан, “Ид шидийн орон”, “Оюуны ундарга” номын дэлгүүрийн хамт олон хамтран энэ сарын 18-20-нд зохион байгууллаа.

“Хүүхэд бүр уншигч” уриатай тус номын баяраар “Танд ойрхон номын сан” үйлчилгээ, хүүхдийн номын клубийн өглөөний уулзалт, “Өглөөний гайхамшиг” номын клубийн уулзалт, номын хэлэлцүүлэг, Ховор номын үзэсгэлэн, Second book event, номтой гэр бүлийн болзоо, Номын өртөөгөөр аялах, Монгол үндэсний тоглоом наадгай, “Гэр бүлээрээ ном уншъя”, шинэ номын худалдаа зэрэг өргөн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлсэн.

Тус үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан “Оюуны ундарга” номын дэлгүүр, “Өглөөний гайхамшиг” номын клубийг санаачлагч А.Үүрийнцолмонтой ярилцлаа.


-Номтой нөхөрлөж, бусдад ном уншихыг уриалж, зөвөөр үлгэрлэж байгаа хүний хувьд номд дурласан түүхээ хуваалцаач?

-Би бүр хүүхэд байхдаа хөдөө гэртээ Монголын радиогийн “Боломж” нэвтрүүлгийг тогтмол сонсдог, Пүрэв гараг бүр заадаг шинэ дууны үгийг сонсоод цээжилчихдэг байсан. Энэ тухай эгч маань одоо ч дурсан ярьдаг юм.

Цэцэрлэгийн бэлтгэл ангид байхдаа уншаад сурчихсан, ангийнхаа хүүхдүүдэд үлгэр уншиж өгдөг хүүхэд байлаа. 10 жилийн сурагч байхдаа монгол хэл, уран зохиолын хичээлдээ дуртай, ном сонин их сонирхож уншдаг хүүхэд байж. 1 дүгээр ангиас аав, ээж 2 маань “Би би би” сонин захиалж өгөөд түүнийгээ маш их дуртай уншдаг байснаа санаж байна. Дунд ангиасаа эхлээд монгол хэл, уран зохиолын багш эсвэл сэтгүүлч болно гэсэн мөрөөдөлтэй байлаа.  

Гэхдээ энэ мөрөөдлөө тэр үед биелүүлж чадаагүй, нийгмийн шаардлагаар гэх үү, эмзүйч мэргэжлийг сонгон суралцсан. Эзэмшсэн мэргэжилдээ хайртай л даа. Гэхдээ багынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх нь бас чухал байсан.

Миний гар татахгүй авдаг ганц зүйл бол “ном”. Ном худалдан авах болгондоо хайрлаж уншдаг, хүмүүст ярьдаг, найз нөхдөө ном унших дадалд уриалдаг. Эдгээр үйлдлүүд зүгээр л урсгалаараа бүтчихдэг. Ингэж л хоббигоо ажил хэрэг болгож эхэлсэн дээ.



-Ном унших хоббигоо хэрхэн ажил хэрэг болгож байна вэ?

-“2020 оноос эхлэн хоббигоороо “Номын хөөрөлдөөн-Дундговь” гээд фэйсбүүк групп нээгээд онлайн номын худалдааг аймагтаа эхлүүлж, 2022 онд найзтайгаа хамтран үндсэн ажлынхаа хажуугаар “Оюуны-Ундарга” нэртэй жижигхэн номын дэлгүүр ажиллуулж эхэлсэн.

Манай дэлгүүрийн хувьд Улаанбаатар хотын номын дэлгүүрийн үнээр номоо худалдаж, орон нутгийн зохиолчдын бүтээл туурвилыг сурталчилж, захиалгаар хүргэлт хийдэг гээд онцлогтой.

Одоо үед хүмүүс ном уншаад суух зав чөлөө муутай болжээ. Тиймээс тэдэнд ном уншуулах хамгийн зөв арга бол “Өглөөний гайхамшиг” буюу өглөө эрт босч, ном унших цаг зав гаргах явдал гэж боддог.

Зохиолч Хэл Элродын “THE MIRACLE MORNING” буюу “Өглөөний гайхамшиг” ном 2017 онд монгол хэлээр орчуулагдсан. Монгол Улсад 2019 оны хамгийн их борлуулалттай номоор шалгарсан. Ном олон цувралуудтай бөгөөд монгол хэлээр Өглөөний гайхамшиг үндсэн ном, Өглөөний гайхамшиг тэмдэглэлийн дэвтэр, Өглөөний гайхамшиг оюутан, Өглөөний гайхамшиг саятан, Өглөөний гайхамшиг энтрепренер гээд цувралууд нь манай уншигчдад хүрсэн.

Энэ ном хүмүүсийг эртэч дадал, өөртөө төвлөрөхийг уриалдаг. Тиймээс би энэ ажлыг хүмүүст уриалж зохион байгуулж байна. Тухайлбал, Өглөөний гайхамшиг подкаст, Өглөөний гайхамшиг уулзалт, Өглөөний гайхамшиг 30 өдрийн сорилт, Өглөөний гайхамшиг, бусад номын хэлэлцүүлэг, Өглөөний гайхамшиг workshop гээд “Өглөөний гайхамшиг” төслийг хэрэгжүүлж байгаа.

Өөртөө төвлөрч, эртэч дадалтай болохыг хүссэн хүн бүрд манай үүд хаалга нээлттэй, хамтран ажиллахад бэлэн байна. Хамгийн чухал нь номоо уншиж танилцсан байх хэрэгтэй байдаг.



-Үндэсний номын баярт зохион байгуулагчаар хамтран ажиллаж байна. Ямар хэлбэрээр оролцсон бэ?

-Аймгийн төв номын сантай хамтран Үндэсний номын баярт 2 дахь жилдээ оролцож байна. 2022 онд “Мандал” худалдааны төв талбайд болсон баярын үеэр “Шинэ номын худалдаа”-г хариуцан  ажилласан. Харин энэ жил арай өргөн хүрээнд Хэл-Элродын “Өглөөний гайхамшиг”, Тольтеки ардын цэцэн мэргэний толь гэгдэх зохиолч Нагваль Дон Мигель Руисийн “Дөрвөн хэлцэл” номын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Мөн “Ид шидийн орон Дундговь”-д зохион байгуулсан өртөөчилсөн номын баярын үеэр “Шинэ номын худалдаа” өртөөг хариуцан ажилласан.

-Таны бодлоор ном уншихын гайхамшигтай нь юу вэ?

-Ном уншихгүй л бол хоцроод байгаа мэдрэмж төрдөг юм билээ. Орчин үед номууд аудио хэлбэрээр гардаг болсон ч би цаасаар хэвлэгдсэн номыг үргэлж нэгдүгээрт тавьж уншдаг.

Би хувь хүний хөгжлийн номоос үргэлж суралцдаг. Нэг номоос нэг санааг шүүрч амьдралдаа хэрэгжүүлэхийг зорилго болгодог юм. Уран зохиолын номоос амьдралын олон янзын өнгийг харж, бодож тунгаадаг. Тархиа амраадаг даа.

-Ярилцсан танд баярлалаа. 


May be an image of 11 people and text

Related news