Le Monde: Э.Макрон Монгол Улсад богино хэмжээний боловч “геостратегийн” ач холбогдолтой айлчлал хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-22 14:00:37

ПАРИС. /Le Monde/. Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Хирошимад болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаас буцах замдаа тавдугаар сарын 21-ний ням гарагт Монгол Улсад богино хэмжээний айлчлал хийлээ.


Улаанбаатар хотын төв талбайд угтах ёслол болсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордон дахь хүндэтгэлийн өргөөнд Э.Макроныг хүлээн авч уулзав. Энэхүү айлчлал нь Орос, Хятадын дунд оршдог далайд гарцгүй тус улсад хийж буй Францын Ерөнхийлөгчийн анхны түүхэн айлчлал юм.


"Э.Макрон Япон улсын Хирошима хотноо болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаас Парис руу буцах замдаа Улаанбаатарт “геостратегийн” ач холбогдолтой айлчлал хийхийг зорьж байна" гэж түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийн нэг хэлжээ. 


Монгол Улсын эрх баригчдын хувьд “гуравдагч хөршийн бодлогоо” онцолж, хоёр хөршийнхөө "сүүдрээс гарч" газар зүйн хувьд алслагдсан ч Өрнөдтэй уг бодлогоо хэрэгжүүлэхийг зорьж байна. 


Тус улсын гадаад худалдааны 80 гаруй хувийг Хятадтай хийж буй худалдаа эзэлдэг. Нүүрснээс ихээхэн хамааралтай Монгол Улс нь эрчим хүчний хангамжаа төрөлжүүлэхийг зорьж байгаа бөгөөд цахилгаан эрчим хүчнийхээ талаас илүү хувийг ОХУ-аас авдаг.


Францын төрийн тэргүүн Орос Украинд халдсан довтолсноос хойш 15 сарын дараа хийсэн энэхүү айлчлалаа "маш чухал ач холбогдолтой" гэж онцолжээ.

Related news