Зам тээврийн ослын улмаас 7 хүүхэд эндэж, 196 хүүхэд гэмтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-18 13:45:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам тээврийн ослын улмаас энэ оны эхний 4 сард 7 хүүхэд эндэж, 196 хүүхэд гэмтэж бэртсэнийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


“Зам тээврийн осолд өртөж нас барсан хүүхдүүд ихэвчлэн 0-6, гэмтэж бэртсэн хүүхдүүдийн олонх нь 7-14 насныхан байдаг. Хүүхдүүд унадаг дугуй, скүтэр, залуус мопед, мотоцикл унаж замын хөдөлгөөнд оролцох болсноор осол гарах нь нэмэгдсэн. Иймд цахилгаан хөдөлгүүрт скүтэр, унадаг дугуй, мопед унахдаа хамгаалах малгай, шөнийн цагаар хантааз өмсөж, зорчих хэсгийн баруун гар талын захаар, явган хүний болон дугуйн зам, эгнээгээр явах”-ыг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир зөвлөж байв.


Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 76 хүүхэд амиа алдаж, 810 хүүхэд гэмтсэн байна. Нас барсан хүүхдүүдийн 5 нь унадаг дугуй унаж явсан бол 51 нь орон нутгийн замд зорчиж байжээ. Гэмтэж бэртсэн хүүхдүүдийн 34 нь унадаг дугуй унаж явсан аж. 

Related news