ДУНДГОВЬ: "UPDATE-2023" хөтөлбөрт 30 хүүхэд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-17 16:31:26
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. “Ид шидийн орон-Дундговь” хүүхдийн хөгжил, хамгааллын төв ахлах ангийн сурагчдын ерөнхий мэдлэгийн түвшнийг ахиулах, хөгжүүлэх, мэргэжлээ сонгоход нь туслах зорилго бүхий "UPDATE-2023" хөтөлбөрийг нэг сарын хугацаанд хэрэгжүүлж дууслаа.

Тус хөтөлбөрт хамрагдахаар 151 хүүхэд бүртгүүлснээс 31 хүүхдийг сонгон авчээ. Хөтөлбөрийг аймгийн ГБХЗХГ, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, Улаанбаатар хотын Ид шидийн орон-2, Ид шидийн орон-1, “Soyolon International” ХХК, “ЦойлогсоZ”-ийн залуучууд дэмжин ажиллаж, математик, нийгэм, англи хэлний судлагдахуунаар түвшин ахиулах сургалт, хувь хүний хөгжлийн сургалтууд, генетик оношилгоо, мэргэжил сонголт, их дээд сургууль, ажлын байрны аяллууд гэх мэт сонирхолтой сургалт, үйл ажиллагаанд хамруулсан байна.  



Түүнчлэн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 17 багш сайн дураараа нэгдэж, хөтөлбөрийн оролцогчдод сургалт зохион байгуулжээ.

Тус хөтөлбөрийн үйл ажиллагаа, үр дүнгийн тухай “Ид шидийн орон-Дундговь” хүүхэд хөгжил, хамгааллын төвийн ерөнхий менежер Э.Мөнхзулаас тодруулахад: “UPDATE-2023" хөтөлбөрийн нэг зорилго бол оролцогчдынхоо ерөнхий мэдлэгийн түвшнийг ахиулж, ЭЕШ-д бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.  

Хөтөлбөрийн хүрээнд сайхан сэтгэлтэй багш нарынхаа хүчээр энэхүү үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн. Математик, нийгмийн ухаан, англи хэлний хичээлээр хөтөлбөрийн оролцогчид нэг сарын хугацаанд түвшин ахиулах сургалтад хамрагдлаа. Хаврын ачаалалтай, шалгалт шүүлэгтэй энэ үеэр багш нар маань сайн дураараа хамтран ажилласанд маш их талархаж байгаа.


May be an image of 4 people and text

Оролцогч хүүхдүүдийнхээ мэргэжил сонголтод туслахын тулд Улаанбаатар хотод 3 өдрийн “Campus tour” хийлээ. Орон нутгийн хүүхдүүдийн харах өнцөг, хайрцаглагдсан сэтгэлгээг задлах, өөрийгөө таньж мэдэх генетик оношилгоонд орж, их дээд сургуулиудтай танилцуулахын тулд энэхүү аяллыг зохион байгуулсан. Тэд эрэлттэй байгаа мэргэжлүүдийн ажлын байруудтай танилцаж, Улаанбаатар хотын Ид шидийн орноор зочилж, “HobbySchool”, АШУҮИС, СЭЗДС, МУИС-аар орж гадаад болон дотоодын их, дээд сургуулиудад суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, ирээдүйд эрэлттэй байгаа мэргэжлүүдийн талаар мэдлэг хуримтлуулсан юм.  

Ерөнхий мэдлэг олгох сургалтаас гадна хувь хүний хөгжлийн, сэтгэл зүйн, санхүүгийн, мэргэжил сонголт гээд хөгжлийн маш олон сургалтууд давхар явж, багш нар мэдээлэл өгч, сонирхолтой яриа өрнүүлэн, зөвлөмж өгснөөр оролцогч хүүхдүүдийн маань сэтгэлд 100 хувь хүрч чадлаа. Одоо хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд юу сурснаа харуулах л үлдлээ” гэлээ. 



Related news