ДУНДГОВЬ: МАСАМ II төслийн үр дүнг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-17 14:47:22
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь (МАСАМ II) төсөл Дундговь аймагт хэрэгжиж, үр дүнгээ танилцуулах уулзалт зохион байгууллаа.

Тус төслийг Дэлхийн зөн ОУБ Дундговь аймагт хэрэгжүүлж байгаа ба орон нутгийн гүйцэтгэгчээр “Гэрэлтдэг ертөнц” ТББ сонгогдон ажиллажээ.

МАСАМ II төсөл нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын төсвийг  зохистой, үр ашигтай төлөвлөх, төсөвлөх, зарцуулахад иргэд, ИНБ-ын үр дүнтэй оролцоог дэмжиж, төр болон иргэд харилцан ярилцаж, хамтын шийд гаргах арга замыг олсноор эрүүл мэндийн анхан шатны тусламж  үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах зорилготой юм.

Энэхүү төсөл 2 үе шаттай хэрэгжсэн бөгөөд эхний үе шатанд Сайнцагаан сумын “Өлзийт мандал” өрхийн ЭМТ-ийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр "Говийн хөгжил Наран" ТББ ажилласан бол энэ удаагийн төсөл нь “Боржигон мандал” өрхийн ЭМТ-ийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжсэн байна.



Төслийн 2 дахь үе шатанд “Иргэдийн төсөв таны мэдлэгт” хөтөлбөр хэрэгжүүлж, “Төсвийн ил тод байдлыг хангах” цахим платформ болон “Төсвийн хөрөнгө оруулалт” аппликейшныг иргэдэд танилцуулж, “Боржигон мандал” өрхийн ЭМТ-ийн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг цахим платформ ашиглан хийж, санал хүсэлтийг хүлээн авчээ.

Төслийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар “Гэрэлтдэг ертөнц” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Ид шидийн орон” төвийн хөгжлийн менежер Н.Урансайханаас тодруулахад:



“Бид MASAM II төслийн хүрээнд 3 чиглэлээр ажилласан. Нэгдүгээрт, Сайнцагаан сумын иргэд, ахлах ангийн сурагчдад төсвийн тухай мэдээллийг түгээж, сурталчлан таниулах зорилгоор “Иргэдийн төсөв таны мэдлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хамгийн гол нь иргэд төсвөө мэддэггүй, уншиж ойлгож чаддаггүй. Тиймээс аймгийнхаа төсвийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр гаргаж, аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр эмхэтгэл болгон хэвлэж, иргэдэд тараасан төдийгүй цахимаар хүмүүст хүргэсэн. Сургалтуудаа аймгийн Санхүү, төрийн сангийн удирдлагын хэлтэстэй хамтран хийж, “Иргэдийн төсөв” эмхэтгэлээ  тарааж, хэрэглэх зааварчилгааг өглөө.

Энэ хөтөлбөрийн хүрээнд 216 хүнд 6 удаагийн сургалт, таниулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төр, аж ахуйн нэгж байгууллагуудын албан хаагчид, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, Политехник коллежийн суралцагчдад мэдээллийг хүргэж, сурагчдын дунд “Иргэдийн төсөв” эсээ бичлэгийн уралдаан зарлан дүгнэсэн.

Хоёрдугаарт, “Төсвийн ил тод байдлыг хангах” цахим платформ, “Төсвийн хөрөнгө оруулалт” аппийг иргэдэд таниулах, ашиглах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор төр болон хувийн хэвшлийн албан байгууллагууд, ЕБ-ын ахлах ангийн сурагчдад 5 удаагийн сургалт хийсэн. Сургалт зохион байгуулахаас гадна цахим мэдээллийн сувгуудыг ашиглан иргэдэд цахим платформыг таниулах ажлыг өрнүүлж, төслийн хугацаанд 302 иргэн гар утсандаа тус аппликейшныг татан суулгаж, 208 иргэн үнэлгээ өгч, 38 төслийн санал илгээсэн байна.



Гуравдугаарт, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг үнэлэх цахим портал ашиглан, “Боржигон Мандал” өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгаа авсан.

Тус Өрхийн эрүүл мэндийн төв 4799 үйлчлүүлэгчтэй, 2461 нь насанд хүрсэн иргэн байгаа. Тэдгээрийн 40 хувь нь судалгаанд хамрагдсан.

Тухайн ЭМТ-өөр үйлчлүүлж байгаа иргэд QR код уншуулж, судалгаанд хамрагдаж, 742 иргэн санал хүсэлт илгээсэн байсан.

Судалгаагаар гарсан санал, хүсэлтийг эрэмбэлсний үндсэн дээр тус өрхийн ЭМТ-ийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлсон. Тухайлбал, Өрхийн ЭМТ-ийн барилгын өргөтгөл, халаалт, дутагдаж байгаа тоног төхөөрөмж авах, хүний нөөцийн хангалтыг сайжруулах зэрэг асуудал гарч, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, арга замыг тодорхойлох нүүр тулах уулзалт зохион байгууллаа. Цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж байна” гэлээ.  





Related news