ДУНДГОВЬ: "Манлайллын дугуйлан"-гийн анхны уулзалтаар зохион байгуулагчдыг сонгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-12 16:59:28
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ Дундговь аймагт "дугуйлан” байгуулж, тус дугуйлангийн үйл ажиллагааг орон нутагт чиглүүлэх зохион байгуулагчдыг сонголоо. 



Тус сүлжээ эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий гишүүнчлэлд суурилсан үндэсний сүлжээ бөгөөд үндэсний түвшинд хүрч ажиллах зорилгынхоо хүрээнд өргөн суурьтай хүрээлэл үүсгэж, нэгдмэл нөлөөллийг бий болгох, хөдөө орон нутагт амьдарч буй бүх насны эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоог хангах үүднээс “Манлайллын дугуйлан” байгуулан ажилладаг аж.


Сүлжээ нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгждэг. 


Дундговь аймгийн “Манлайллын дугуйлан”-гийн анхны уулзалт, цаашид хэрхэн ажиллах тухай Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний зохицуулагч Х.Номингэрэлээс тодруулахад “Сүлжээний орон нутаг дахь гол зохион байгуулалт маань аймгийн “Манлайллын дугуйлан” гэдэг хэлбэрээр  хэрэгждэг. Бид улс орон даяар дугуйлангуудаа байгуулж, орон нутгийн эмэгтэйчүүдийн санаачилгыг дэмжин ажиллаад эхэлсэн. Өнөөдөр Дундговь аймагт дугуйлангаа нээж, эхний уулзалтаа хийлээ.


МАН, АН болон улс төрийн алба, Иргэний нийгэмд ажилладаг бүсгүйчүүд цуглаад эхний уулзалтаараа зохион байгуулагч нарыг сонголоо.


Мөн энэ жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон. Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй манлайлагчид, төлөөлөгчдийнхөө тоог илүү олон, илүү жин дарах хүч болгож, нийгмийн бодлого, амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг болохын тулд тэднийг чадавхжуулах, сонгогчдын жендэрийн мэдрэмжийг сайжруулах гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дундговийн дугуйлан маань аймаг орон нутгийнхаа хэрэгцээнд нийцсэн өөрсдийн нөөц боломжид тулгуурласан үйл ажиллагааг бидэнтэй хамтран хэрэгжүүлнэ гэж найдаж байна" гэлээ. Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс аймгийн дугуйлангийн үйл ажиллагааг дэмжин гарааны 5,0 сая төгрөгийн санхүүжилт олгож, сургалт, арга зүйгээр хангаж ажиллах аж.

Дундговь аймагт “Манлайллын дугуйлан”-гийн анхны уулзалтыг Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний зохицуулагч Х.Номингэрэл, "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын зөвлөх Г.Доржханд нар идэвхжүүлэн зохион байгуулж, тус аймгийн 30 гаруй эмэгтэй оролцлоо. 


No description available.

Related news