Нэг удаагийн тэтгэмжийг бууруулвал эмч нар ажил хаяна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭМонголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос төсвийн тодотголд төрийн албан хаагчдад олгодог нэг удаагийн тэтгэмжийг бууруулахаар тусгасныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Энэ оны төсвийн тодотголд эрүүл мэндийн мэндийн салбарт 25-аас дээш жил ажилласан эмч, ажилтнуудад тэтгэвэрт гарахад олгодог 24-36 сарын тэтгэмжийг 1-12 сар болгон бууруулахаар тусгаад буй. Тиймээс салбарын ҮЭ-ийн холбооноос тэтгэмжийг хэмжээг одоогийнхоос бууруулахгүй байх тухай албан тоотыг өнгөрсөн сарын 25-наас хойш тасралтгүй УИХ, Засгийн газар, НББСШУ-ны болон Төсвийн байнгын хороо, намын бүлгүүдэд хүргүүлсэн байна. Гэвч одоогоор ямар нэг хариу ирүүлээгүй байгаа гэнэ.
Тэтгэмжийг бууруулсан нь Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн заалтыг, нэмэгдэл цалинг бууруулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.1 дүгээр заалтуудыг тус тус зөрчиж байгаа аж. Иймд тус ҮЭ-ийн холбооноос УИХ-ын дарга гишүүд, Засгийн газар, НББСШУ-ны болон Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн яаманд хандаж, эрүүл мэндийн байгууллагад 25 ба түүнээс дээш, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмч, ажилтнуудад ажилласан жилтэй уялдуулан олгож байгаа мөнгөн тэтгэмжийг бууруулахгүй байхыг шаардсан шаардлага хүргүүлэхээр болжээ.
Энэхүү шаардлагыг хэрэгжүүлэхгүй тохиолдолд эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэж, жагсаал цуглаан, ажил хаялт хийх хүртэлх тэмцлийн аргыг сонгоно гэв.
Б.Туул