АН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-08 14:56:38

АН-ын Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, хуульч Б.Батхуяг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

АН-ын хуульч Б.Батхуяг, “2016 оны орон нутгийн сонгуулийн нэр дэвшүүлэх болон нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа дууслаа. Гэвч сум, дүүргийн Сонгуулийн хорооныхон АН-аас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл олон гаргаж байна. Тухайлбал, Багахангай дүүрэгт л гэхэд 17 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан” гэв.

Тэдний хэлж байгаагаар Архангай аймгийн Өлзийт сумын 21, Өгийнуур сумын 1, Жаргалант сумын 1, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 21, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 27, Дархан-Уул аймгийн Дархан сум 1, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 нэр дэвшигчийг тухайн сумын сонгуулийн хороо нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэнэ. Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан тогтоолууд нь хууль зүйн үндэслэлгүй, улс төрийн нэг хүчний талд илт үйлчилсэн байгааг тэд онцлов.

Дээрх асуудалтай холбоотойгоор АН-ын шат шатны байгууллагууд холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж шалгуулах аж. Тэрчлэн сонгууль зохион байгуулах эрх бүхий дээд шатны байгууллагад ч гомдлоо гаргажээ.

Related news