Ч.Батзориг: Энэ жил 730 автобус оруулж ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-10 13:50:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд дөрвөн бүлэг, 12 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж буй. Энэ чиглэлд өнгөрсөн оноос нийт 11 байршилд зам, замын болон гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн оны хувьд дөрвөн байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ жил үлдсэн долоон байгууламжийн ажил үргэлжилж байна. Үүнээс гадна олон улсын зээл, санхүүжилтээр хэрэгжүүлэх зарим төслийн ажил эхэлж буй. Тухайлбал, нүхэн гарцны төсөл, дүүжин тээврийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалт, Сэлбэ сэргэлтийн төслийн барилга угсралт, их багтаамжийн авто зогсоол байгуулах зэрэг ажил эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хийхээр төлөвлөсөн нийт ажлын 45-50 хувийг өнгөрсөн онд гүйцэтгэсэн, үлдсэн хэсгийг энэ жил хийх юм. Мөн Улаанбаатарын түгжрэлийг бууруулах чиглэлд хийж байгаа нэг томоохон ажил бол нийтийн тээврийн парк шинэчлэл юм. Парк шинэчлэлийн хүрээнд хотын хэмжээнд нийт 1370 автобус оруулж ирсэн. Энэ жил дахин 730 автобус зургаа, найм, есдүгээр сард оруулж ирнэ.


Түүнчлэн тээврийн хэрэгслүүдийг цахим гэрчилгээжүүлэх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд хатуу дэд бүтцийг бий болгосон. Тодруулбал, 161 байршилд RFID уншигчийг суурилуулж, хөгжүүлэлтийг бүрэн хийж дууссан. Мөн тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээжүүлэх ажлыг Улаанбаатар хотоос эхлүүлнэ. Эхний ээлжинд таг буюу тээврийн хэрэгсэлд наах 447 мянган гэрчилгээг хийх гэрээг гүйцэтгэгчтэй байгуулаад, үе шаттай хэрэгжүүлээд явна. Энэ хүрээнд “UB Cab” буюу такси дуудлагын үйлчилгээ, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээний автомашиныг нэн тэргүүнд гэрчилгээжүүлнэ. Цаашлаад төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэг зэргээр үргэлжлээд, наймдугаар сард Улаанбаатар хотын хэмжээнд дуусгахаар төлөвлөж байна" гэв.

Related news