Монголд БНСУ-ын аялал жуулчлалын 85 компанийн төлөөлөл ирээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын аялал жуулчлалын тур операторуудын уулзалтын хүрээнд манай улсад Өмнөд Солонгос улсаас аялал жуулчлалын 85 компанийн төлөөлөл ирээд байна.
Уулзалтын талаар бид зохион байгуулагч байгууллагын нэг Монгол дахь Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооны тэргүүн Ч.Батхуягаас тодрууллаа.
-Монгол орон БНСУ-ын жуулчдын сонирхлыг юугаар илүүтэй татаж байна вэ?
-Хамгийн түрүүнд манай улсын байгалийн сайхан орчинд ирэхийг хүсдэг. Солонгосууд ялангуяа Монголын түүх, дурсгалыг ихэд сонирхдог. Монголын говь тэднийг их татдаг. Тэнгэрийн оддыг харах гэж ирдэг. Мөн ямар ч интернэтгүй орчныг тэд сонгож байна. Гэр бүлийн аяллыг буюу хүүхдүүдтэйгээ ирэхийг эрмэлздэгээ уулзалтын үеэр илэрхийлж байна.
-Танай байгууллага энэ
талын судалгааг хийж байгаа юу?
-Манай холбоо Монголоос
БНСУ-ын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын тур оператор
компаниудын нэгдэл юм. Төр, засгаас аялал жуулчлалын талаар явуулж буй аливаа
үйл ажиллагаанд тур операторуудыг оролцуулах, эрх ашгийг хамгаалах,
чадавхжуулах, ижил төстэй гадаадын байгууллагуудтай холбоо тогтоон хамтран
ажиллах зорилготой ажилладаг. Өнөөдрийн уулзалтыг Монголд зочлох жилүүдийн
хүрээнд манай улсад анх удаагаа зохион байгуулж байна.
-БНСУ-ын жуулчид Монголд
ирэхдээ өөрийн орны агаарын тээврийн компаниар зорчоод, энд мөн солонгос зоогийн газар,
ресторан, зочид буудлаар үйлчлүүлээд явдаг. Монголд юу үлдэж байна гэсэн шүүмжлэл бүхий
яриа бий. Энэ хэр ортой байдаг вэ? Бодит байдалд хэрэв ийм байдаг бол үүнийг
хэрхэн өөрчлөх вэ?
-Таны хэлээд буй шүүмжлэлийг хүмүүс ярьдаг, хэлдэг. Гэхдээ юм болгоныг бас хорьж болохгүй. Учир нь чөлөөт зах зээлийнхээ зарчмаар явагдаж байдаг. Гэхдээ мэдээж Монгол Улсад ирж аялж буй гадаадын жуулчид Монголын аялал жуулчлалын компаниудаар үйлчлүүлж, монгол жолооч авах, монгол хөтчөөр үйлчлүүлэх хэрэгтэй. Тэгж байж гэмээнэ татвар, төлбөр хураамж улсад үлдэнэ. Бид зах зээлээ хамгаалж зах зээлийнхээ үнэлэмжийг унагахгүй байх учиртай. Ингэхдээ бид үйлчилгээгээ тооноос илүү чанарт, эдийн засгийн үр өгөөжтэй, байгальд орчинд ээлтэй эко аялал байхад анхаарч ажиллах хэрэгтэй. Тэр яриад буй солонгос зочид буудал, зоогийн газрууд мэдээж Монголд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж буй учир цаана нь монгол эзэнтэй, татвар, төлбөрөө төлөөд л үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Манай холбооны гишүүн байгууллагууд бол бүгд зуун хувь Монголын аж ахуйн нэгжүүд байдаг гэв.
"Монголд зочлох жилүүд"-ийн хүрээнд Монгол Улс, БНСУ-ын аялал жуулчлалын тур оператор компаниуд хоорондоо хамтран ажиллах гэрээ,
санамж бичиг байгуулан жуулчин харилцан солилцох, хоёр улсаа өөр өөрийн оронд сурталчлах талаар нүүр тулан уулзлаа.
Ташрамд дурдахад, Монголын
иргэний агаарын тээврийн компаниудаас “Аэро Монгол” ХХК ирэх 6 дугаар сарын
21-нд БНСУ руу анхны нислэгээ хийх гэж байна. Энэ үеэр мөн хоёр орны аялал жуулчлалын
компани дахин уулзахаар төлөвлөжээ.