Нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэлийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-07 12:14:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн илтгэл болон Ерөнхий аудитор А.Зангадын дүгнэлтийг сонсов. Дээрх илтгэл болон дүгнэлттэй холбогдуулж гишүүд зарим асуудлыг тодруулж, илтгэгчдээс асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Төсвийн алдагдал хэдэн хувиар тасалдсан бэ. Өөр өөр тоо яваад байна. Тасалдлын шалтгаан юу вэ? 

Ерөнхий аудитор А.Зангад: -2016 оны тоог одоогоор хэлэх боломжгүй. 2015 оны аудитын дүгнэлтээр бол 1 их наяд гаруй төгрөгийн тасалдал үүссэн. Өөрөөр хэлбэл ДНБ-ний 5 хувьтай тэнцэж байгаа юм. Энэ нь шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа гэсэн үг. 

УИХ-ын гишүүн А.Баделхан: -103 төрийн өмчит компани байна гэж ярьлаа. Хэд нь ашигтай ажиллав?

Ерөнхий аудитор А.Зангад:  -Төрийн өмчид аж ахуй нэгжийн ашиг алдалдлыг тодорхой хэлэх боломжгүй байна. Таньд жагсаалтаар нь гаргаж өгье.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -Аудитын гаргаж буй дүгнэлттэй сэтгэл нийлүүлэхгүй байна. Төрийн аудит жил бүр аудит шигээ ажилласан бол монголын эдийн засаг ийм байдалд хүрэх байсан болов уу. Монгол Улсын аудит манай улсын нүд чих байх ёстой. Хөгжлийн банкны шалгалтад аудиттай хамт ажилласан. Та үнэлэлт дүгнэлтээсээ гурван удаа засч янзалсан. Ер нь бол та өнгөрсөн 4 жил Засгийн газрын толгойг илээд өнгөрсөн. Монгол Улс хууль зөрчөөд 4 төсөвтэй болсон байна. Аудит сайн дүгнэлт гаргасан бол улс оронд ийм нөхцөл байдал хүрэхгүй байсан. 

Ерөнхий аудитор А.Зангад: -Төрийн аудитын байгууллага Монгол Улсын хууль, олон улсын стандарт, аргачлалыг ёсчилж хэрэгжүүлсэн. Төрийн аудитын байгууллагынхан стандарт горимоо ягштал барьж ажиллаж ирсэн. Бүх тайлангуудын өмнөөс би хариуцлага хүлээхэд бэлэн.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан -Төсвийн гүйцэтгэл дээр хариуцлага алдсан зүйл их бий. Нэг жишээ хэлэхэд, торгууль бол төсөв бүрдүүлдэг үндсэн хэрэгсэл биш ээ. Гэтэл торгуулиас 4 тэрбум төгрөг бүрдүүлнэ гэж тусгасан. Ингэснээр аль болох жолооч нарыг торгох гэдэг болсон. Үүний оронд аваар осол юунаас хамаарч гарч байгааг судлах ёстой. Мөн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгах ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Ажлын хэсгийг УИХ-аас гаргах зохимжгүй гэдэг. Ажлын хэсэгт ажиллах сонирхолтой хүмүүсээр ажлын хэсэг байгуулах нь зөв юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Аудитын энэ тайлан сайн гарсан байна. Хөрөнгө оруулалтын зөвлөмжийг биелүүлээгүйгээс зөрчил давтагдсаар байна гэж бичсэн байх жишээтэй. Эдгээр зөрчлийг хэрхэн арилгах вэ. Засгийн газар аудитын тайлангаас анхаарч ажил хэрэг болгомоор асуудлууд цөөнгүй байна шүү. Түүнчлэн Монголбанкин дээр үүссэн нөхцөл байдлыг гадны биш Монгол Улсын аудит үнэлэлт дүгнэлт гаргаж өгөөч гэсэн бичиг явуулсан. Шалгалт нь орсон уу?

Ерөнхий аудитор А.Зангад: -Аудитын байгууллага зөвлөмжийн хэрэгжилттэй холбоотой тайлан гаргаж болно. Төсвийн захирагч нартай зөвлөмжтэй холбоотой асуудлаар хамтарч ажиллаж болно. Эдийн засгийн байнгын хорооноос ирсэн бичигтэй холбогдуулж төв банкинд шалгалт оруулсан. Энэ долоо хоногт багтаан тайлан таньд очих болно.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Аудитын зөвлөмжийг харахад зөрчлийн шалтгаан юу болох, хариуцлага хүлээх эзэн биегүй байна. Аудитын газарт дорвитой өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Өнөөдөр дөрвөн төсөвтэй болсон байхад энэ талаар ч дурдаагүй байна.

Гишүүд ийн асуулт асууж, хариулт авсаны дараа 2015 оны төсвийн гүйцэтгэлийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

 

Related news