“Alphabet” хиймэл оюун ухааны судалгааны багуудаа нэгтгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-04-21 17:00:40

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн “Alphabet” компани “OpenAI” компанийн “ChatGPT” чатбот зэрэг системүүдтэй өрсөлдөхийн тулд хиймэл оюун ухааны судалгаагаа эрчимжүүлж байгаатай холбоотойгоор “Google Brain”, “DeepMind” судалгааны багуудаа нэгтгэхээр болжээ.


“Шинэ хэлтсийг “DeepMind” компанийн гүйцэтгэх захирал Демис Хассабис удирдах бөгөөд энэ баг бүрдсэнээр ерөнхий хиймэл оюун ухааныг зоримог, хариуцлагатайгаар хөгжүүлэх боломж бүрдэнэ” гэж “Alphabet” компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай пүрэв гарагт блогтоо бичсэн байна.  


Alphabet”-ийн мэдээлснээр, нэгтгэх гэж буй багууд хамтран “OpenAI”-ийн зарим ажлын үндэс суурь болсон технологи болох “трансформер” зэрэг олны анхаарлыг татсан олон төслүүдийг хэрэгжүүлж байжээ.  


Цаашид “Alphabet”-ийн мэргэжилтнүүд “OpenAI”-ийн хамгийн сүүлийн үеийн загвар болох “GPT-4” шиг “олон горимт” хиймэл оюун ухаан дээр ажиллана. “Google” нь хайлтын системийн зах зээлд олон арван жилийн турш ноёрхож, 80 гаруй хувийг нь эзэлсээр ирсэн ч хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухааны өрсөлдөөнд “Microsoft”-ын ард хоцорч болзошгүй байна. “Microsoft”-ийн санхүүжүүлсэн “OpenAI”-ийн технологи нь программ хангамж бүтээгч компанийн шинэчлэгдсэн “Bing” хайлтын системийг ажиллуулж байгаа юм.


Alphabet” энэ оны хоёрдугаар сард “ChatGPT”-тэй өрсөлдөх “Bard” чатботоо танилцуулсан. Гэвч “Bard” сурталчилгааны дүрс бичлэгийн үеэр буруу мэдээлэл өгсний улмаас компанийн зах зээлийн үнэлгээ хоёрдугаар сарын 8-ны өдөр 100 тэрбум ам.доллароор буурсан байна.


Alphabet”-ийн хувьцааны ханш пүрэв гарагт 2 хувиар өсжээ. 

Related news