ХЭНТИЙ: Энэ онд 43,2 мянган тонн ургац авахаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-21 07:04:10
Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ногоочдын зөвлөгөөнийг энэ сарын 20-нд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд ногоочдын төлөөлөл 60 орчим иргэн оролцож тулгамдаж байгаа асуудлаа ярилцлаа. Энэ жил га талбайн ашиглалтыг сайжруулан төмс, хүнсний ногоогоор иргэдээ 100 хувь хангах зорилтыг тэд тавьжээ. Хэнтий аймгийн зүгээс ногоочдоо дэмжихээр Хөдөө аж ахуйг дэмжих төв байгуулахаар ажлаа эхлүүлээд байна.

Тус аймаг 2022 онд 32.1 мянган га талбайд тариалалт хийж, үүнээс 33,9 мянган ургац хураан авчээ. Харин энэ онд 40,4 мянган га талбайгаас 43,2 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөж байна. Ашиглалтын талбайг сайжруулснаар иргэдийн хүнсний хангамж нэмэгдэж, ашиг орлого өсөх аж. Өнгөрсөн жил иргэдийнхээ 33.4 хувийг хүнсний ногоогоор, төмсний хэрэгцээг 88 хувиар хангасан бол энэ жил 100 хувь хангах зорилт тавин ажиллаж байна.


Ногоочдын гол тулгамддаг асуудал бол тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж, борлуулалт, хадгалалт байдаг. Энэ асуудлыг шийдэх зорилгоор аймаг орон нутгийн зүгээс тодорхой сумдад зорилтот бодлогыг хэрэгжүүлж байна. Тухайлбал Мөрөн сумын ногоочдыг техникжүүлэх үүднээс том оврын тракторыг олгосон бол мөн 1000 тн хүчин чадалтай зоорийг шийдвэрлэж энэ жилээс ашиглаж эхлэх гэж байна.

Мөн Хэрлэн сумын ногоочдод зориулж 700 га талбайг усалгаажуулах хөтөлбөр хэрэгжүүлж, ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар болжээ. Түүнчлэн Хэнтий аймаг 100 жилийн ойн хүрээндээ хөдөө аж ахуйг дэмжих төвийг байгуулж, ногоочдыг борлуулалтаа хийх нэгдсэн цэгээр хангах, малчдыг ченжийн гар дамжуулалгүй махаа худалдан борлуулах боломжийг олгох зэрэг ажлыг хийж байна.

Хэнтий аймагт өнөөдрийн байдлаар 800 орчим ногоочин идэвхтэй ногоо тарьж байгаа судалгаа гарчээ. Тэд хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагддаг ч хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт авч чадахгүй байсаар байна. Мөн ажиллах хүч байхгүйн улмаас га талбайгаа бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй, тарьсан ногоогоо хураахад хүндрэл учирсаар байгаа юм. Гэсэн хэдий ч төрийн дэмжлэг хэрэгтэй гэж гараа хумхиж суулгүй өөрсдийнхөө нөөц боломжид тулгуурлан иргэдээ хүнсний ногоогоор жилийн дөрвөн улиралд хангасаар байгааг зөвлөгөөнд оролцогчид онцоллоо.


Related news