Хүүхдийн сан: Цар тахлын үеэр олон сая хүүхэд вакцинд хамрагдаж чадаагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2023-04-20 14:39:27

НЬЮ-ЙОРК. /AFP/. COVID-19” цар тахлын улмаас хөл хорио тогтоож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдсаны улмаас 2019-2021 онд ойролцоогоор 67 сая хүүхэд вакцинд бүрэн болон хэсэгчлэн хамрагдаж чадаагүй гэж НҮБ-ын Хүүхдийн сан лхагва гарагт мэдээллээ.


“Дэлхийн хүүхдийн аж байдал-2023: Хүүхэд бүрийг вакцинжуулалтад хамруулахын төлөө” тайланд дурдсанаар, тэдгээр хүүхдүүдийн 48 сая нь вакциндаа бүрэн хамрагдаж чадаагүй байна. “Вакцин хүмүүсийн амь насыг аврах ач холбогдолтой боловч өдгөө дэлхий даяар маш олон хүүхэд вакцинд хамрагдаагүй байна. Хүүхдүүдийг дархлаажуулах чиглэлд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гаргасан ололтууд өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрс уруудлаа” гэж тайланд бичжээ.


Хувиар илэрхийлбэл, вакцинд хамрагдсан хүүхдүүдийн эзлэх хувь 5 хувиар буурч, 81 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дээрх таван хүүхэд тутмын нэг орчим нь вакцинд хамрагдсанаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчнүүдээс бүрэн хамгаалагдаж чадахгүй гэсэн үг юм. Тайланд мөн цар тахлын үеэр зарим оронд хүүхдийн вакцинуудад итгэх итгэл 44 хувиар буурсныг дурджээ.


Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтрин Рассел, эдгээр мэдээлэл нь сэтгэл түгшээсэн анхааруулга болж байгааг онцлоод, товлолт дархлаажуулалтад итгэх итгэлийг цар тахлын өөр нэг хохирогч болохыг зөвшөөрч болохгүй, эс тэгвээс нас баралтын дараагийн давлагаа улаанбурхан, сахуу зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой бусад өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг нөмөрч болзошгүй хэмээн хэлсэн байна. 

Related news