ХЭНТИЙ: Монгол Улсын бэлчээрийн талбай 150 га-гаас 109 га болж багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-19 19:54:22
Хэнтий /МОНЦАМЭ/ “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах нь” бүсчилсэн хэлэлцүүлгийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг хамруулан энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтарсан Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хүрээнд тус хэлэлцүүлэг болсон юм.
Aймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат бүсчилсэн хэлэлцүүлгийн талаар оролцогчдод мэдээлэл өгч, мал аж ахуй, бэлчээр ашиглалтын талаарх хууль эрх зүйн зохицуулалт, Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг танилцууллаа.
Тэрбээр “Амьдралд хэрэгждэг хууль батлах ёстой. Иймд хуулийн төсөлд иргэдийн саналыг сонсож, тал талаасаа хэлэлцэж хуулийн төслийг боловсруулах хэрэгтэй. Бэлчээрийн тухай хуульд гурван иргэний нэг нь хамааралтай, том тойргоороо бүх иргэнд хамааралтай учраас нухацтай хэлэлцэх шаардлагатай. Иймд бэлчээр ашиглалтыг сайжруулах, бэлчээр хамгаалалтын эрх зүйн орчныг бий болгохоор хуулийн төслийг боловсруулж байна.
Бэлчээрийн доройтол ихсээд байхад малын тоо толгой 80 саяд хүрч байгаа нь цаашид хүнд нөхцөл бий болгохоор байна. Цөлжилтийг сааруулах чиглэлд цөөнгүй заалтыг хуулийн төсөлд тусгасан. Судалгаагаар бэлчээрийг сэлгэх, хамгаалах байдлаар сэргээх боломж байгааг харуулсан байна. Мал аж ахуйг тооноос чанарт анхаарах цаг болсон байна. Бэлчээрийн даац 5-10 дахин буурсан. Хангайн бүсийн ургамлын тоо хоёр дахин буурсан. Сүүлийн 10 гаруй жилд 887, 2096 булаг, шанд, 1166 нуур ширгэсэн. Хуульд өөрчлөлт оруулах байдлаар бэлчээр ашиглагчдын бүлэг байгуулахаар боловсруулсан. Бэлчээрийг ангилж, дамжин өнгөрөх бэлчээр, отрын нөөц бүс нутаг, нийтээр ашиглах бэлчээр гэсэн ангилал бий болно” гэхчлэн хуулийн төслийг танилцууллаа.
Хэлэлцүүлэгт оролцогчдод “Бэлчээрийн доройтол ба сэргэлт” сэдвээр Монголын бэлчээрийн нэгдсэн холбооны Бэлчээр судлаач Д.Бурмаа илтгэл тавьж хэлэлцүүллээ. Монгол Улс 150 га бэлчээрийн талбайтай байсан бол 109 га болж багассан. Доройтсон бэлчээрийг хэрхэн сэргээх чиглэлд орон нутгийг бүсчилж авч үзээд Бэлчээр ашиглалтын гэрээг нэвтрүүлж үзсэн байна. Нийт бэлчээрийн 65 хувь доройтож, 12 хувь нь эргэж сэргэхгүйгээр доройтжээ. Хэрэв бэлчээр сэлгэлт хийж, өнжүүлж чадвал доройтсон бэлчээрийн 85 хувь эргэж сэргэх боломжтой гэж судлаачид үзсэн байна. Бэлчээр доройтсоноос үүдэн төв, говийн бүс нутгийн малын жин жилээс жилд буурч байгааг судлаач онцоллоо. Хэлэлцүүлэгт нийт 25 хүн асуулт асууж, санал хэлснээр дуусав.
Related news