ДУНДГОВЬ: Ц.Батсайхан: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжих орчин л чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-12 08:59:36
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 200 гаруй хүүхэд байдаг. Тэдний эрх ашгийг хамгаалах, нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулах, эцэг эх, асран хамгаалагчдыг нь чадавхжуулах чиглэлээр идэвхтэй ажилладаг байгууллага бол Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо (ХБХЭЭХ)-ны салбар юм.

Тус салбарын үйл ажиллагаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлаар салбарын тэргүүн Ц.Батсайхантай ярилцлаа.


-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлаар дуугарч, тогтвортой ажилладаг байгууллага бол танай холбоо. Тус холбооны аймгийн салбар хэзээ байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулдаг талаар танилцуулна уу? 

-Манай Үндэсний холбоо бол 2000 онд байгуулагдсан, 16 аймагт салбартай. Харин манай аймгийн салбар 2010 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн санаачилгаар байгуулагдсан, өнөөдөр 13 жилийн түүхийг бид бүтээжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ харах, эмчлүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх гээд жирийн аав ээжээс илүү ачаа үүрдэг. Тиймээс манай байгууллага тэдэнд туслах, хүүхдүүдийг нь эрүүлжүүлэх, нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулахад нь туслах зорилготой. Манай салбар энэ хугацаанд 200 гаруй эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллаж, тэдний хүүхдүүдэд үйлчилгээгээ хүргэсэн байна.

Хүүхэд хөгжил, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээнд зуучлах чиглэлээр ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хэрэгцээтэй зүйл олон бий. Тэр хэрэгцээг нь хангахад бага ч гэсэн хувь нэмэр оруулахсан гэсэн сэтгэлээр л ажилладаг. 2016 онд сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг “Гэрэлт ирээдүй төв” нээн ажиллуулж байгаа.


-Танай байгууллагын гол үйл ажиллагаа нөлөөллийн ажлууд байдаг. Энэ чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн зарим ажлаас танилцуулах уу?

-Хамгийн анх байгуулагдаад Мерси кор ОУБ-ын дэмжлэгтэйгээр “Зөвлөх эцэг эхийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, манай холбооноос багш нар ирж, 15 эцэг эхийг сонгон зөвлөхөөр бэлтгэж байсан. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өдөр тутмын асаргаа хэрэгтэй байдаг. Тиймээс аав, ээжид нь хүүхдүүдтэйгээ хэрхэн ажиллах талаар зааж сургаж, цаашид энэ хүмүүс маань бусад эцэг эхэд сургах энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэн.

Манай салбарын хувьд нөлөөллийн олон ажлыг хэрэгжүүлсэн. Тухайлбал, 2019 онд зөвлөх эцэг эхчүүд сургуульд явдаг хөгжлийн бэрхшээлтэй 23 хүүхдэд унааны мөнгө олгуулах нөлөөллийн ажлыг зохион байгуулсан. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-д “хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн цэцэрлэг, сургуульд ирж, очих унааны зардлыг хөнгөлөх, эсхүл автобусаар үйлчлэх” тухай заасан байдаг бөгөөд энэ унааны зардлыг ХХҮГ-аас олгох ёстой байдаг. Харин энэ заалтыг эцэг эх, асран хамгаалагчид нь ч мэддэггүй, хөдөө орон нутагт хэрэгжихгүй байсан тул нөлөөллийн ажлаараа хэрэгжих эхлэлийг тавьж, 23 хүүхдээс 20 хүүхдэд 4,0 сая төгрөгийг олгуулж байсан.

Манай аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд ялангуяа хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэд сурч, хөгжих орчин бүрдээгүй. Тиймээс МСҮТ-ийн шинэ барилгыг тэргэнцрийн замтай болгоход мөн манай эцэг эхчүүд нөлөөлж байсан. Бид Дундговь аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө хуулийн хэрэгжилтийг сайжруулах, сурч боловсрох эрхийг хангуулах ажлуудыг эцэг эхчүүд, Олон улсын байгууллага, ХХҮГ, ЭМГ зэрэг байгууллагын дэмжлэгээр хийж байна.


-Нөлөөллийн ажлаас гадна сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг “Гэрэлт ирээдүй төв” ажиллуулдаг гэлээ. Төвийнхөө тухай танилцуулаач?

-2016 онд манай байгууллага Дэлхийн зөн ОУБ, ЭМГ-ын дэмжлэгтэйгээр “Бид нэг тэнгэртэй” төсөл хэрэгжүүлж, төслийн хүрээнд “Гэрэлт ирээдүй төв” байгуулах ажлыг эхэлсэн. Одоо энэ төв маань өрөөтэй, сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжөөр хангагдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бэрхшээлийн төрлөөр нь тэдний чадамжид тулгуурлан хөгжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Түүнээс гадна ХБХЭЭХ-ны дэргэдэх Сэргээн засах төвд зуучлан хүүхдүүдээ эцэг эх, асран хамгаалагчтай нь явуулдаг. Энэ төвд маш өндөр түвшинд хэл засал, хөдөлгөөн засал, хөгжил гээд хүүхдүүдийн нас биеийн онцлогт тохирсон цогц эмчилгээ хийж, үйлчилгээ үзүүлдэг. Түүнээс гадна эцэг эхэд нь сэтгэл зүйн болон хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах тухай сургалт, зөвлөгөө өгдөг. Өнөөдөр л гэхэд тус төвд манай аймгаас 4 хүүхэд очсон, үйлчилгээ авч байна.


-Танай байгууллага “Дүүрэн бэлэг” ТББ-тай хамтран “Хүүхдээс хүүхдэд хөгжлийн үйлчилгээ үзүүлэх” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн зорилго юу вэ, ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж байна?

-Азийн Хөгжлийн банк (АХБ)-аас Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар манай аймагт “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл нь Хөгжлийн бэрхшээлтэй охид, хөвгүүдийн хувьд боловсролын хамрагдалт болон чанарыг сайжруулахад нь Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилготой. Төслийн хүрээнд Сайнцагаан сумын Говийн ирээдүй цогцолбор сургууль, 3 дугаар цэцэрлэг дээр төвлөрч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчныг жишиг байдлаар бүрдүүлж байгаа. Мөн сургууль, цэцэрлэгийн Дэмжих багийн гишүүдийг чадавхжуулах, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжлийн ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулах зэрэг дээр зөвлөн ажилладаг.

Түүнээс гадна энэ төслийн хүрээнд ТББ-аар бичил төсөл хэрэгжүүлж байгаа нь “Хүүхдээс хүүхдэд хөгжлийн үйлчилгээ үзүүлэх” төсөл юм. "Дүүрэн бэлэг" ТББ-тай манай байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа гэсэн үг.

Бид зарим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэрт нь очиж, тэдний нас, биений онцлогт тохирсон үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ энэ ажлыг хүүхдүүд хийвэл илүү үр дүнтэй байдаг, эцэг эх нь дуртай байдгийг энэ төслөөс харж байна. Төслийн хүрээнд бид 30 хүүхдийг сайн дураар нь Зөвлөх хүүхдээр бэлтгэж, эд нар маань ямар ч хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй ажиллах, тэднийг ойлгох мэдлэг чадвар, сэтгэлийн боловсролтой болж байгааг хараад их баярлаж байгаа. 22 хүүхэд сонгож аваад ажиллаж байгаа.


-Та өөрөө ямар мэргэжилтэй хүн бэ, ямар ажил эрхэлж байв?

-Би 1980 онд Дорноговь аймгийн АУДуСургууль төгссөн, сувилагч хүн. 2016 он хүртэл эрүүл мэндийн салбарт ажилласан. Өрхийн эмнэлэгт ажилладаг байхдаа өрхүүдээр явж, хөгжлийн бэрхшээлтэй, асаргаанд байдаг хүмүүст эмчилгээ хийдэг байсан болохоор тэднийг илүү ойлгодог байх. Тэгээд тэтгэвэртээ гарч, түүнээс хойш энэ ТББ-даа ажиллаж байна.


-Энэ асуудлаар таны санааг зовоож байдаг зүйл юу вэ, ямар асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсдэг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хайр халамж зайлшгүй хэрэгцээтэй. Гэхдээ тэд хүн л юм чинь байнга асруулахыг биш хөгжихийг хүсдэг гэдгийг бид төслийнхөө явцад ойлгож мэдэрч байна. Тэгэхээр тэдэнд хамт байх, хамт хөгжих тийм орчин л хэрэгцээтэй байгаа юм. Хүүхдүүдэд юу хэрэгтэй байдаг вэ, яг л тийм зүйлийг тэд хүснэ.

Цэцэрлэгт явж, сургуульд суралцаж, дугуйлан секцэд явах хэрэгцээ байж таарна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд яг тэгж хөгжих орчин л чухал.

Сургуульд явахаар нь хүүхдүүд шоолдог. Хүн бүр тэдэнтэй энгийн сайхан харьцаж чадахгүй байсаар л байна. Ядахдаа стандартын орц, гарц, шат, ариун цэврийн өрөө гээд тэдэнд бэрхшээл байна. Бид юу хийж чадах вэ, сэтгэл гаргаад дэд бүтцийн асуудлыг ядаад сургууль, цэцэрлэг дээр шийдчих хэрэгтэй санагддаг.

Манай аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон баригдсан. Ажиллаж эхлээгүй нэлээд хэдэн сар болж байна. Энэ ажиллаж эхэлбэл стандартыг тэндээс харж болох байх. Тэгээд мэргэшсэн багш байдаггүй, сургуулиуд, багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ангидаа авах тийм ч дуртай биш байх шиг ажиглагддаг. Ер нь бол юм бүхэнд сэтгэл дутаад байх шиг. Тэгэхээр энэ хүүхдүүдийг сургах, хүмүүжүүлэх асуудлыг бодлогоор дэмжиж, багш нарыг бэлтгэх асуудалд ч гэсэн анхаармаар санагддаг. Тэднийг асаргааны биш, хөгжилд оролцдог нийгмийн хүн болгон хөгжүүлбэл ирээдүйд нийгэмдээ хэрэгтэй шүү дээ. 

-Ярилцсанд баярлалаа. 




Related news