ДУНДГОВЬ: Эрдэм шинжилгээний бага хуралд 8 илтгэгч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-04 15:27:55
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Ганхөлөгийн нэрэмжит Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 10 дахь жилдээ зохион байгуулав. 

Тус бага хурлыг 2014 оноос жил бүр уламжлал болгон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, судалгаа хийх, эрэл хайгуул хийх болон нотолгоонд суурилсан эмнэлзүйн дүн шинжилгээ хийх мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх  зорилго дор зохион байгуулдаг ба эрдмийн энэхүү чуулганыг Дундговь аймгийн эмч нарын дунд 8 удаа, бүсийн хэмжээнд 2 удаа явуулжээ.



Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд 8 илтгэгч оролцсоноос Үйл оношийн тасгийн лабораторийн тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр П.Нямрагчаагийн "Нянгийн илрүүлэг, антибиотикийн тэсвэржилт, антибиотикийн хэрэглээний дүн" илтгэл тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр судалгааны ажлаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн нян судлалын лабораторид хийжээ.  

Хоёрдугаар байрт мэс заслын эмч Э.Энхзоригт болон Үйл оношийн тасгийн дүрс оношилгооны эмч, Анагаах ухааны магистр Б.Буяндэлгэр нарын хамтарсан "Мухар олгойн өвчлөл дэх хэт авиан оношлогоог мэс заслын дараах онош болон эмгэг судлалын шинжилгээтэй харьцуулан судлах нь" илтгэл шалгарсан байна.

Харин дотрын эмч, Анагаах ухааны магистр Д.Ариунзаяагийн "Гипокалиемийн үечилсэн саажилт эмнэлзүйн ховор тохиолдол" илтгэл тусгай байр эзэлжээ.

Эрдэм шинжилгээний бага хурлын төгсгөлд Хүний гавьяат эмч Б.Ганхөлөг эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж илтгэсэн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хандан тэдний хийсэн бүтээл, судалгаа шинжилгээний ажил, дүгнэлт, түүнийгээ танилцуулсан байдлыг дүгнэн зөвлөгөө өгсөн байна. 



Related news