АРХАНГАЙ: Нийт нутаг дэвсгэрийн 82.6 хувь нь цөлжилтөд өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-27 13:20:30

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс БОАЖЯ-ны захиалгаар “Монгол Улсын газрын доройтол, цөлжилтийн атлас зураглал хийх, тайлан гаргах” ажлыг нэг жилийн хугацаанд хийж, Монгол орны цөлжилтийн атлас, 2020 он номыг гаргасан байна.

Монгол орны цөлжилтийн байдлыг илтгэх нийт 30 гаруй үзүүлэлтийг тооцоолж, тэдгээрээс 18 үзүүлэлтийг сонгон авч, нэгтгэн боловсруулж, цөлжилтийн зургийг гаргасан байна.

 

Цөлжилтийн зургаас харвал 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн бөгөөд үүнээс 31.5 хувь нь сул, 22.1 хувь нь дунд, 18.6 хувь нь хүчтэй, 4.7 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.



Зураг 1. Монгол орны цөлжилтийн зураг, 2020 он

  

Архангай аймгийн хувьд авч үзвэл, нийт нутаг дэвсгэрийн 82.6 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн бөгөөд үүнээс 45.0 хувь нь сул, 28.5 хувь нь дунд, 8.5 хувь нь хүчтэй, 0.6 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байгаа бол 2.0 орчим хувьд нь цөлжилт илрээгүй байна.


Бусад ой, газар тариалан, нуурын талбай 15.4 хувьд хамаарч байна. Зүүн талын Хашаат, Өгийнуур, Өлзийт, Хайрхан сумдын нутаг цөлжилтөд илүү өртжээ.


Архангай аймгийн зүгээс цөлжилтийг сааруулах үүднээс бэлчээрийн цагаан оготно устгах, ойн зурвас байгуулах, бэлчээрийн хуваарь сэлгэх, худаг ус гаргах, хөв цөөрөм байгуулах зэрэг ажлыг аймаг орон нутгийн зүгээс хийж байна.


2022 оны бэлчээрийн даацыг аймгийн нийт нутгаар тооцоолж гаргахад нутгийн  6,5  хувьд нь бэлчээр нөөцтэй, 15,4 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 66,5 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 10,2 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 10,2 гаруй хувьд нь олон дахин хэтэрсэн гэж гарсан байдаг. 


Архангай аймгийн “Бэлчээр ашиглагчдын холбоо”, “Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр аймаг, сумын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтыг бий болгох, малчдын мөнгөн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор арьс, шир, ноос, ноолуур түүхий эд бэлтгэн үндэсний болон гадаадын компануудад нийлүүлэн малчдад ашиг хүртээх, мөн Бэлчээр ашиглагчдын холбооны дундын сан үүсгэх зэрэг малчдын төлөө чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.


Бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх фото мониторингийн аргыг ашиглан 384 гаруй цэгт хэмжилт хийж, 19 сумын 240 бэлчээр ашиглагчдын хэсэгтэй бэлчээр ашиглалтын гэрээ байгуулаад ажиллаж байна.


Мөн бэлчээр хамгаалах ажлын хүрээнд жилд 40.0-100.0 мянган га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэж, 30-62 худгийг шинээр гаргаж, 45.0-70.0 мянган га бэлчээрийг усжуулах арга хэмжээг зохион байгуулж байна.


Аймгийн хэмжээнд 497016 ширхэг мод, бут сөөгийг үр, мөчрөөр болон ногоон байгууламж бий болгох, нэмэгдүүлэх, ойн нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас байгуулахад шилмүүст, навчит төрлийн суулгацыг тарьж, усалгаа, арчилгааны ажлыг гүйцэтгүүлж ажилласан. Нийт мод үржүүлгийн газарт тарьж бойжуулсан тарьц, ойн нөхөн сэргээлт, ойн зурвас байгуулах, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид тарьж суулгасан мод, бут сөөгийн ургалт (амьдралт) 90,2 хувьтай байна.


Мөн нийт 1345 гол горхи, нуур тойром, булаг шандад хамгаалалтын бүсийг тогтоосон байна. Орхон-Чулуут голын сав газрын захиргаа, "Ар-Ус ундарга" ХХК-тай хамтран аймгийн төвийн хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг ус түгээх 16 байр, ус хангамжийн 5 эх үүсвэр, нөөцийн 2 цооногт тогтоож, зурагжуулах ажлыг хийж гүйцэтгээд байна.


Хашаат сумын Жаргалант багийн Цахиуртын ард байрлах 1.8-2 м өндөр, өргөн нь 5м, суурь хэсгийн өргөн нь 6м хэмжээтэй хөв цөөрмийг 2022 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан ба 35-40 өрхийн 30000 мал ундаалж байна. Хөв цөөрмийг малын хөлийн татварын 30 сая төгрөгийн хөрөнгөөр барьсан ба хавар, зун, намрын улиралд таван хошуу мал, зэрлэг амьтдын ундны усны эх үүсвэр болдог байна. 

Related news