СЭЛЭНГЭ: 200 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-28 10:21:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 200 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг энэ сарын 24-ний өдөр үүдээ нээлээ.

Тус цэцэрлэгийг улсын төсвийн 3 тэрбум 229 орчим сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2019-2023 оныг дамнан бүтээн байгуулсан байна.

 

Шинэ цэцэрлэгийн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хүүхэд, багачуудын сурах үйл явцыг дэмжиж “Багш хөгжлийн төв”-д 45.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Мөн Ерөө сумын ИТХ болон сумын Засаг даргын зүгээс тус цэцэрлэгийн найман бүлгийн 220 хүүхдийн ширээ, сандлыг сумын хөрөнгө оруулалтаар бүрэн шийдэж ажиллана гэдгээ хэллээ.

 

Түүнчлэн тус барилгын гүйцэтгэгчээр ажилласан н.Энхтөр захиралтай “Таван хан” ХХК 10.0 сая, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат механикжуулагч С.Ганболд захиралтай “Их шинэстэй” ХХК 3.0 сая, “Монжим” ХХК 2.0 сая төгрөгийг тус тус багш сурагчдын сурч, хөгжих үйлсэд зориулан хандивлалаа.

 

Ерөө суманд 2022-2023 оны хичээлийн жилд 33 багш, ажилтантай, найман бүлэгт 223 хүүхэд, хувилбарт сургалтад 60 хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байгаа аж.

 

Улсын тэргүүний “Нарлаг” цэцэрлэгийн нээлтэд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, сумын ИТХ-ын дарга Э.Ариунбат, сумын Засаг дарга Б.Сэргэлэн, мөн цэцэрлэгийн үе үеийн ахмад багш, ажилчид болон төр төсвийн байгууллагын төлөөллүүд, аж ахуйн нэгжийн удирдлагууд, одоо ажиллаж буй багш ажилчид, хүүхэд багачууд оролцлоо.

 

Ерөө сум бусад сумаас онцлогтой. Энэ нь газар доорх баялгийнхаа нөлөөгөөр уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Энэ байдлаас шалтгаалж сүүлийн 10 гаруй жилийн дотор тус сумын хүн ам нэлээд өсжээ. Иймд СӨБ-д хамрагдах хүүхдийн тоо эрс нэмэгдэж, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж дутагдахад хүрсэн байна. 

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын дэмжлэгтэйгээр 2019 онд 200 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг барих бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн боловч дэлхий нийтэд цар тахал дэгдсэнээр барилгын ажил зогссон байна.

 

2021 онд уг цэцэрлэгийн ажил эхэлсэн боловч үнийн өсөлт нөлөөлж, барилгын ажил удаашралтай байжээ. Иймээс тус цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэгч “Таван хан” ХХК-ийн болон аймаг, сумын удирдлагууд уулзан ярилцаж, УИХ-ын гишүүдэд уламжилснаар улсын төсөвт 900.0 сая, үлдэгдэл 260.0 орчим сая төгрөгийг аймгийн төсөвт тус тус суулгуулснаар тус цэцэрлэгийн барилгыг барьж дуусгасан байна. 

Related news