ЗАВХАН: Д.Уранчимэг: Отгон суманд -55.3 градус хүрч, их хүйтрэлттэй жилээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-23 13:26:53

Улиастай/МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн цаг уурын өдөр. Ус цаг уур, уур амьсгал, байгаль орчны бодит болон ирээдүйн төлөв байдлын тухай мэдээллээр хангаж байдаг тус салбарын онцлог, судалгаа, ажлын үр дүнгийн талаар, Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн, Цаг уур орчны технологийн хэлтсийн дарга Д.Уранчимэгтэй ярилцлаа.

 

-Дэлхийн цаг уурын өдрийн мэндийг хүргэе. Жил бүр дэлхий даяар энэ өдрийг цаг уурын өдөр болгож тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн уриа зорилго нь юу вэ?

-1947 оны 10 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-аас баталсан Дэлхийн цаг уурын конвенцын хүрээнд 1950 оны 3 дугаар сарын 23-нд Дэлхийн цаг уурын байгууллага байгуулагдсан. Тиймээс энэ өдрийг жил болгон дэлхийн цаг уурын өдөр хэмээн тэмдэглэх болсон юм. Швейцарын Женев хотод төвтэй дэлхийн цаг уурын байгууллага нь 193 гишүүнтэй бөгөөд манай улс 1963 оны 4 дүгээр сарын 4-нд тус байгууллагын албан ёсны бүрэн эрхт гишүүн орон болсон.

Энэ өдөр цаг уурын байгууллагын ажилтнууд туршлагаа солилцох, шинэ ололт амжилтуудаа хуваалцах. Дэлхий даяар үүсээд байгаа цаг ууртай холбоотой асуудлуудаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, олон нийтэд цаг уурын өөрчлөлтийн талаар мэдээ мэдээлэл өгөх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ өдрийн гол зохион байгуулагч нь НҮБ-ын дэргэдэх Дэлхийн Цаг уурын байгууллага /World Meteorological Organization/ юм. Дэлхийн цаг уурын өдрийг жил бүр онцгойлон авч үзүүштэй сэдвийн хүрээнд, нэрлэсэн уриатай зохион байгуулж, тус асуудлыг хэрхэн шийдэх. Салбарт гарсан ололт амжилт, зөв шийдэл, гарцуудын талаар ярилцаж, нийт иргэдэд тухайн сэдвийн хүрээнд зөв мэдлэг, мэдээлэл олгох үйл ажиллагаанууд зохион байгуулдаг. Засгийн газрууд болон бүс нутгийн орнуудад анхааруулдаг.


Энэ онд дэлхийн цаг уурын өдрийг хойч үедээ үлдээх ирээдүйн цаг агаар, уур амьсгал, ус гэсэн уриа дор тэмдэглэн өнгөрүүлж байна.  



-Цаг уурын мэдээллийн ач холбогдол нь юу вэ?

-Мэдээж цаг уурын мэдээлэл бүх салбарт ач холбогдолтой. Ус цаг уур, орчны төлөв байдлын өөрчлөлтийн урьдчилсан болон горимын мэдээ, мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангаж, байгаль цаг агаарын болзошгүй аюул гамшиг, орчны ноцтой бохирдлоос сэрэмжлүүлдэг.

Цаг агаарын урьдчилсан мэдээ нь ирээдүйн цаг агаарын байдлыг урьдчилан таамаглах зорилготой шинжлэх ухаан технологийн аргачлал юм. Цаг уурын мэдээг богино, дунд, урт хугацааны мэдээ гэж ангилдаг.




-Завхан аймгийн онцлох цаг уурын үзэгдлүүдийн түүхээс хуваалцахгүй юу?

-Завхан аймгийн тухайд 2001, 2002, 2007-2009, 2014, 2017 онд аймгийн ихэнх нутгийг хамарсан ган болж байсан. Харин 1987, 1988, 2000, 2001, 2004, 2005, 2009, 2010, 2011, 2017, 2018 онд мөн ихэнх нутгийг хамарсан зуд болж байсан.

Мөн хүчтэй салхи шуурга гэхэд, 2006 онд Улиастай, 2013 онд Нөмрөг суманд салхины их хурд 40м/с буюу түүнээс давж  шуурсан. Их хүйтрэлт гэхэд, 2016 онд агаарын хамгийн бага температур Цэцэн-Уул суманд -54.7, Отгон суманд -55.3 градус хүрч  хүйтэрсэн нь түүхэн хугацаанд хамгийн их хүйтрэлттэй жил болж тэмдэглэгдсэн байдаг.

2018 оны нэгдүгээр сард Цэцэн-Уул суманд -53.2°C, Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул, Баянтэс, Тэс, сумын нутгаар -50 ... -52°C хүрч их хүйтрэлт ажиглагдсан байна.


 

-Гамшигт үзэгдэл болох гэж буйг шинжлэх ухааны ямар үндэслэл, тоног төхөөрөмжөөр тогтоон ажигладаг вэ?

-Европ, Япон, Орос, Солонгосын цаг уурын төв болон Дэлхийн цаг уурын төвөөс гаргасан богино, дунд, урт хугацааны тоон болон статистик загварчлалыг үндэслэн гамшигт үзэгдлийг тодорхойлж байна.

Мөн  HIMAWARI , FY-2, NOAA-METOP, NPP-JPSS, MODIS-н хиймэл дагуулын мэдээг ашиглан урьдчилан мэдээллийг үндэслэн тооцоолон, боловсруулж, цаг уурын инженер мэдээ, мэдээллийг бэлтгэдэг.

Тухайлбал, дээрх мэдээлэл дээр үндэслэн агаарын даралт, температурын өөрчлөлт, чийгийн массыг нарийн тооцоолон мөн өөрийн аймаг, сумдын онцлог байдлыг харгалзан үзэж хүчтэй салхи, шуурганы мэдээллийг гаргадаг. Ингээд аймаг болон сум тус бүрээр өдөр тутам шинэчлэн зохиож, олон нийтэд хүргэж байна.  

-Танайх байгаль цаг уурт зориудаар нөлөөлөх ажлыг хийдэг. Ер нь байгаль цаг уурт зориудаар нөлөөлөх нь хэр ач холбогдол юм бэ?

-Эрт цагаас хүн төрөлхтний мөрөөдлүүдийн нэг нь цаг агаарыг өөрчлөх, зохицуулах явдал байсан. Харин орчин үед цэрэг дайны зориулалтаас эхлээд хөдөө аж ахуйн зориулалтаар цаг агаарт зориудаар нөлөөлөхийг оролдсоор байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчин, эдийн засаг нийгмийн амьдралын хэвшилд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа өнөө үед үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх нь экосистемийн дасан зохицох сэргэх чадварыг дэмжиж, улс орны тогтвортой хөгжлийг хангахад чухал арга хэмжээ болдог.


Цаг агаарын үзэгдэлд нөлөөлөх ажлын нэг хэсэг нь үүлэнд зориудаар  нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн оруулснаар хөрсний угтвар чийг, бэлчээрийн болон таримал  ургамлын  ургацыг нэмэгдүүлэх. Усан  сан, гадаргын  усны нөөцийг тэтгэх, таримал  ургамлыг  мөндрөөс  хамгаалах. Хүн, газрын техник  хүрч  ажиллахад  хүндрэлтэй ой, хөвч, тайгын түймрийг унтраах үйл ажиллагаа  юм.

Монгол орны дархан цаазтай болон тусгай хамгаалалттай газар нутгийн биологийн төрөл зүйл, ан амьтны идэш тэжээлийн асуудал ч мөн энд хамаатай.

Зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа нь нүүрсхүчлийн хий /CO2/, иодот мөнгөн /AgJ/-ний реагент /найрлага бүхий бодис/-ыг үүлэнд цацаж үйлчилснээр, тухайн үүлэнд тархсан реагентийн тоосонцрууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулж бороо болгон газарт унах нөхцөлийг бүрдүүлэхийг л хэлдэг юм.

Өөрөөр хэлбэл, иодот мөнгөний /AgJ/ реагентын бүтэц, үйлдвэрлэсэн технологи, аюулгүй ажиллагаа нь олон улсын техникийн “ISO” стандартын шаардлага хангасан. Амьтан ургамал, байгаль орчинд хор хөнөөлгүй, уг бодисын үйлчилгээгээр орсон хур тунадас нь эерэг нөлөөтэй болохыг Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоон дээрх зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн байдаг.


Манай улсын хувьд, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлтэй тэмцэх талаар дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа дэвшилтэт арга хэмжээг өөрийн оронд туршин ашиглах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлөх Эрдэм шинжилгээ туршилт үйлдэрлэлийн “Хурын шим” төвийг 1990 онд байгуулсан байдаг. Харин цаг агаарт зориудаар нөлөөлөх ажил 1940 оны сүүлчээс эхлэн дэлхийн улс орнуудад хөгжиж эхэлсэн.


Завхан аймгийн тухайд анх 2008 оноос эхлэн цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг хийж эхэлсэн. Өнгөрсөн жил гэхэд 13 удаагийн үйл ажиллагаа явуулсан.


-Цаг агаарын эрс тэс нөхцөлүүд гэж юуг хэлээд байна вэ?

-1880-аад оноос малтмал түлш шатааж эхэлснээс хойш 100 жилийн турш хүн төрөлхтөн агаар мандалд хүлэмжийн хий ялгаруулж байна. Ялангуяа 1970-аад оноос асар их ялгаруулсан. Уг хий нь агаар мандалд бага багаар хуримтлагдсаар байсан. Нарнаас ирсэн богино долгион цацраг газарт шингээд эргээд гадаргаас дээш урт долгион цацруулдаг. Гэвч агаар мандалд цугларсан хүлэмжийн хий уг цацрагийг бариад дэлхийн нэмэлт дулаарлыг бий болгож байна. Нарнаас ирж буй эрчим хүч газарт шингээд, эргээд газраас сансарт ялгарах тогтвортой байдал алдагдсанаар илүү дулаарах шинжтэй болсныг мэргэжлийн байгууллагууд мэдээлж ярьж байна.


Тиймээс л дээрх нөлөөллөөс болж, дэлхийн өнцөг булан бүрд цаг агаарын эрс тэрс үйл явц бий болгож байна. Монгол орны хувьд урт хугацаандаа хуурайшин гандаж байна. Учир нь манай нутагт ордог хур тунадасны хэмжээ өмнөх шигээ байгаа ч агаарын температур нэмэгдэж байгаа тул ууршилт, хуурайшилт ихсээд байгаа юм. Энэ бол урт хугацааны үйл явц.  Харин богино хугацаандаа цаг агаарын эрс тэс нөхцөлүүд үүсэж байгаа тул тухайн улиралд ажиглагддаг байсан олон жилийн турш тогтсон нөхцөл өөрчлөгдсөн. Үүнийг иргэд огцом хүйтэрч байна, дулаарч байна гээд мэдрээд буй юм.

Завхан аймгийн тухайд хамгийн их хүйтрэлт  Отгон, Цэцэн-Уул сумдад  харин хамгийн их дулааралт Ургамал суманд ажиглагдсан байна.


-Завхан аймагт цаг уурын мэдээллийн хүртээмж ямар байна вэ?

-Өнгөрсөн онд 10 төрлийн нийт 2231 мэдээг гаргаж, олон нийтэд шуурхай хүргэжээ. Мэдээллийн технологи хөгжсөн энэ үед мэдээллийг илүү олон сувгаар хүргэж байгаа нь сайшаалтай. Тухайлбал олон нийтийн сүлжээгээр дамжуулж, Завхан аймгийн нутгаар хагас хоног, нэг болон гурав хоногийн цаг агаарын мэдээллийг зурган хэлбэрээр дамжуулсан байна. Мөн тав, долоо хоног, сар, улирлын төлөв, нэг болон долоо хоногийн тойм, цаг агаарын нөхцөл бүрдсэн үед анхааруулга, сэрэмжлүүлэг, урьдчилан сэргийлэх гэх мэт мэдээллүүдийг олон нийтийн сүлжээ ашиглаж дамжуулснаар 232,700 гаруй хэрэглэгчдэд мэдээ, мэдээллийг шуурхай хүргэсэн байна.


Харин цаг агаарын нөхцөл бүрдсэн үед, багц мессежийг 24 сумын малчид ард иргэд, аймаг, сумдын онцгой комисст нэг удаагийн багц мессежийг нийт 12176 хүнд хүргүүлсэн байна. Үүнээс малчин өрх 9800 байна. Энэ онд буюу өнөөдрийн байдлаар, нийт 19 удаа, давхардсан тоогоор 224824 иргэнд цаг агаарын мэдээллийг хүргэж цаг агаарын аюулт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.


-Нийгмийн бүх салбар чухал. Гэхдээ ажил мэргэжлийн онцлог нь өөр өөр байдаг. Цаг уур ч мэргэжлийн онцлог нь юу юм бол?

-Тийм ээ. Манай цаг уурчид байнгын, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байдаг маш эртэч хүмүүс шүү дээ. Цаг уурын өртөөд гэхэд л гурван цаг тутамд, харуулууд маань хоногт гурван удаагийн ажиглалт хэмжилтийг хийж тухай бүр мэдээг дамжуулдаг.

Цаг агаар тогтворгүй салхи шуургатай тохиолдолд агаар мандалд болж буй процесс, үзэгдлийг цаг минутаар нь ажиглаад, эрч хүчийг тодорхойлон, ажиглалтын талбай дээрээ л байнга зогсож байдаг хүмүүс. Түүнээс ажлын байрнаас, оффиссоос хараад сууж байх нөхцөл бололцоо байдаггүй.


/Завхан аймгийн усны түвшин ба урсцын мэдээлэл/


Агаар мандал, хөрс, ус, бэлчээр, орчны  шинжилгээг хийх, тандан судлах. Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, мэдээллиийг гаргах. Хянах, түгээх, цаг нарийн баримтлах, Байнга интернэтийн орчинд ажиллах, сахилга хариуцлага өндөртэй байдаг нь манай мэргэжлийн онцлог гэж хардаг. Мэргэжлийн боловсон хүчин нь л хийхээс, дурын хүн хараад хийчихгүй маш нарийн мэргэжил юм. Цаг уурчид бид байнга тэнгэр, ургамал, ус гээд өөр өөрсдийн хариуцсан чиглэлийн дагуу тэнгэр, ус, ургамлаа л харж явдаг.

Өглөө босоод л нар яаж мандаж байна, ямар үүл байна, яаж хувьсаж өөрчлөгдөх нь үү. Ямар үзэгдэл болох нь вэ гээд л тэнгэр харж явдаг. Бас бэлчээрийн ургамал ургалтынхаа ямар үе шатанд явна, өндөр нь хэр байна, гэмтэл илрэх нь үү. Бороо хур орох цас хайлах үед усны түвшин нэмэгдэж байна уу, үгүй юу, үерийн түвшинд хүрч байна уу гээд агаар, тэнгэр, ургамал, усны хувьсал өөрчлөлтийг ажиглаж байдаг өдөр бүрийн зуршил нь цаг уурч хүний мэргэжлийн онцлог юм. Энэ ташрамд дэлхийн цаг уурын өдрийн мэндийг үе үеийн цаг уурчдадаа хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

 

Завхан аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын түүхэн товчоо:

-1936 онд Улиастайд анхны цаг уурын станц байгуулан стандартын багаж төхөөрөмжөөр тоноглон, нэгдсэн арга зүйн дагуу ажиглалт хийж эхэлжээ.

-1936 онд байгуулсан, анхны цаг уурын станц хоногт найман удаа буюу уур амьсгалын үндсэн дөрвөн хугацааны, шуурхай мэдээллийн дөрвөн хугацааны ажиглалтыг хийдэг байжээ. 

-Улиастайданхны цаг уурын өртөөг Зөвлөлтийн мэргэжилтэн П.В.Серпов удирдаж, ажиглагчаар Е.М.Серпова, мэдээ хүргэгчээр М.Дамдин, орчуулагчаар Б.Түдэв нар ажиллаж байжээ.

-1961 онд нарны цацраг судлал, агаарын дээд давхаргын судалгаа хийх шаар хөөргөлтийн салбар,

-1961-1975 онд аймгийн бүх суманд цаг уурын станц, харуул, 

-1944-1969 онд ус зүйн 7 харуул,

-1977 онд хөдөө аж ахуйн цаг уурын өртөө,

-1981 онд ус судлалын өртөө,

-1983 онд Цаг агаарын урьдчилан мэдээлэх групп, холбооны зангилгаа,

-1987 онд Улиастай хотод орчны чанарын хяналтын харуул,

-2008 онд байгаль орчны шинжилгээний лаборатори, Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийг тус тус байгуулжээ.  

-Ус цаг уур, орчны шинжилгээний төв нь 2009 оноос эхлэн хөдөө аж ахуйн цаг уурын өртөө 8, харуул 15, ус судлалын харуул 11, усны болон орчны хяналт шинжилгээ, цацрагийн шинжилгээ, нарны цацраг судлал, цаг агаарт зориудаар нөлөөлөх зэрэг нийт 40 гаруй салбарт шинжилгээ, судалгаа, үйлчилгээний ажлыг хийж байна.  

Related news