СҮХБААТАР: Баруун-Уртынхан эрүүл, цэвэр ус хэрэглэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-16 13:46:36

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ундны усны цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орлоо. Ингэснээр тус сумын иргэд эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан усыг ундандаа болон ахуйн хэрэгцээнд ашиглах боломжтой боллоо.

Тус байгууламж нь цагт 110 м3 усыг цэвэршүүлэх хүчин чадалтай бөгөөд хоногт 12-13 цаг ажиллаж 700-830 тонн усыг цэвэршүүлэн хэрэглэгчдэд түгээж байна. Ус ингэж хэрэглэгчид очих хүртлээ дөрвөн шүүлтүүрээр дамждаг байна.


Тус байгууламж нь 80 м3, 30 м3 гэсэн хоёр цэвэршүүлэхийн шугамтай бөгөөд одоогоор 80 м3-ын шугамыг ашиглалтад оруулаад байгаа аж. Цаашид хэрэглэгчийн тоо өсөн нэмэгдэх явцад 30 м3 шугамыг нэмэлтээр ажиллуулахаар төлөвлөжээ.

Цэвэршүүлэх байгууламжийг өнгөрсөн сард бүрэн угсарч, туршилтаар ажиллуулжээ. Энэ хугацаанд итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд усыг хоёр удаа шинжлэхэд 5,45 байсан хатуулгийн хэмжээ 3,85 болж, бусад элементүүд мөн зохих хэмжээгээр буурсан байна.

Мөн Баруун-Уртын ундны усанд агуулагдах ураны хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их байдаг бөгөөд энэ үзүүлэлт мөн 47,8-20,8 болж буурчээ. Цаашид технологийн ажиллагааг илүү сайжруулж, үйл ажиллагаа тогтворжоод ирэхэд энэ үзүүлэлтүүд дахин буурах боломжтой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж байлаа.


Баруун-Урт сумын иргэдийн хувьд тулгамдсан гол асуудал нь яалт ч үгүй ундны ус байсан. Энэхүү асуудал бүрэн шийдэгдэж эрүүл, цэвэр усыг хэрэглэх боломжтой боллоо. Ийм боломжийг олгосон Азийн хөгжлийн банк, Зүүн өмнөд говийн хот байгуулалт хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн МОН-3713 төслийн багийн хамт олонд онцгойлон талархаж буйгаа аймгийн Засаг дарга М.Идэрбат нээлтийн үгэндээ дурдав.

Тус байгууламжийг бүтээн байгуулахад нийт 500 гаурй сая төгрөгийг зарцуулжээ. 

Related news