ХЭНТИЙ: 615 өвлөн уламжлагч бүртгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-03-16 10:44:09
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын анхан шатны бүртгэлд Хэнтий аймгаас долоон ай савын 98 өвийн төрөл зүйлд нийт 615 өвлөн уламжлагч бүртгэлтэй байна.

Үүнд, Эх хэл, аман уламжлал 54, ардын язгуур урлаг 177, уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага 113, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, зан үйл 50, уламжлалт арга ухаан 46, мал маллах арга ухаан 10, уламжлалт гар урлал 165 өвлөн уламжлагч тус тус бүртгэгдсэн байдаг аж.

Хэнтий аймгийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын нэг Дамдины Лхамсүрэн гуай 1930 онд Хэнтий аймгийн Гурванбаян суманд төрсөн, 90 гаруй насыг зооглож яваа буурай юм. Тэрбээр Хурх Биндэрийн аялгууг язгуур шинжээр өвлөсөн уртын дуучин бөгөөд анх нутгийн алдарт дууч Б.Луузангийн шавь болж “Хэрлэнгийн баръяа” дууг хөвчийн жонон вангийн хошууны аяар дуулж сурчээ. Д.Лхамсүрэн хойч үедээ ардын болон уртын олон дууг өвлүүлэн зааж сургасан байна.

2001 онд Монгол Улсын Тэргүүний ардын авъяастан цол тэмдгээр шагнуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 546 дугаар тушаалаар соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн билиг авъяастнаар тодорсон Д.Лхамсүрэн гуай өдгөө Хэнтий аймгийн Чингис хотноо энх тунх амьдарч байна. Түүний хөгжимдөн эгшиглүүлж байгаа эгшигт хайрцгийг нэр нэгт хань н.Лхамсүрэн нь бэлэглэж байжээ. Уг эгшигт хайрцаг одоо Хэнтий аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Related news