ДУНДГОВЬ: Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах арга зүйг эзэмшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-13 15:32:54
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. “Дүүрэн бэлэг” ТББ-аас зохион байгуулсан тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажилладаг багш, эцэг эхчүүдийг чадавхжуулах сургалтад Политехник коллеж болон Сайнцагаан сумын ерөнхий боловсролын 5 сургууль, 8 цэцэрлэгийн дэмжлэгийн баг, эцэг, эх, сайн дурын хүүхдүүд нийт 34 хүн оролцлоо.

Үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн 63 дугаар сургуулийн менежер О.Мөнхцэцэг, багш  Д.Гэрэл, 25 дугаар сургуулийн хэл заслын багш М.Батмөнх нар зочин багшаар ажиллаж, орон нутгийн хэрэгцээ шаардлагад үндэслэн сургууль, цэцэрлэгийн багш нарт “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө” боловсруулах арга зүйг эзэмшүүлжээ.

“Дүүрэн бэлэг” ТББ нь  “Тэгш хамруулах боловсролыг дэмжих нь” төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны салбартай хамтран “Хүүхдээс хүүхдэд” бичил төслийг хэрэгжүүдэг.



Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийг асрах, сургах эцэг эх, багш нарыг чадавхжуулах, тэднийг боловсролд тэгш хамруулахад нь туслах, нөлөөлөх нэгэн төсөл Дундговь аймагт хэрэгжиж байгаа нь “Тэгш хамруулах боловсролыг дэмжих нь” төсөл юм.

Тус аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 190 гаруй хүүхэд байдаг ба хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээнд хамрагддаг бол тулгуур эрхтний, хүнд хэлбэрийн саажилттай хүүхдүүд энэ үйлчилгээг авч чадалгүй боловсролын гадна үлддэг. Тиймээс дээрх төслийн хүрээнд эдгээр хүүхдүүдийг илрүүлж, сургууль, цэцэрлэгийн дэмжлэгийн багийг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах мэдлэг, чадвартай болгох, тэднийг хөгжүүлэх ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх зэрэгт туслах, чадавхжуулах чиглэлээр ажилладаг аж.

“Хүүхдээс хүүхдэд” бичил төсөл нь сургууль, цэцэрлэгийн багш, сайн дурын сурагчдыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр бэлтгэн чадавхжуулах  замаар тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хөгжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө нь сурагч бүрийн хөгжлийн онцлог, хэрэгцээ, төлөв байдлыг үнэлэн тогтоож, урт, богино хугацааны зорилго, зорилтууд, сургалтын агуулга, багшийн дэмжлэг, арга зүй зэргийг төлөвлөх, хэрэгжүүлэх, явцын болон эцсийн үнэлгээ хийх үйл ажиллагаануудыг нэгтгэн хөтлөх баримт бичиг ажээ.

Түүнчлэн дээрх сургалтыг зохион байгуулсан зочин багш нар Сайнцагаан сумын сургууль, цэцэрлэгүүдийн дэмжлэгийн багийн гишүүдтэй уулзалж, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгсөн байна. 



Related news