ТӨВ: “Авьяас бидний бахархал” иргэдийн урлагийн наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод /МОНЦАМЭ/ Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулан “Авьяас бидний бахархал” иргэдийн урлагийн наадмыг энэ сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Тус наадам 2 хэсэг байршилд болсон бөгөөд 25 сумын 220 гаруй иргэн, уран бүтээлчид 6 төрөлд өрсөлдлөө.
Энэхүү наадам нь Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүндэтгэлийн тоглолт, баяр наадмын нээлт, хаалтын тоглолтод оролцох ардын авьяастнуудыг тодруулах, нээн илрүүлэх зорилготой юм.
Гоцлол дууны төрөлд тэргүүн байрыг Баянцогт сумын Ж.Отгонбаяр, дэд байрт Борнуур сумын Г.Жамбалдорж, гутгаар байрыг Цээл сумын Х.Хишигдалай нар эзэлжээ.
Хамтлаг дууны төрөлд тэргүүн байрыг Борнуур сум, дэд байрыг Баянцагаан сум, гутгаар байрыг Сүмбэр сум эзэлсэн бол гоцлол бүжгийн төрөлд тэргүүн байрт Баянцогт сумын Б.Халиун, дэд байрт Борнуур сумын Т.Ануцэцэг, гутгаар байрт Баянчандмань сумын М.Оюунтуяа нар тус тус шалгарсан байна.
Хамтлаг бүжгийн төрөлд тэргүүн байрыг Сүмбэр сум, дэд байрыг Баянхангай сум, гутгаар байрыг Борнуур сум эзэлж,
гоцлол хөгжмийн төрөлд тэргүүн байрт Алтанбулаг сумын Д.Занданбал, дэд байрт
Аргалант сумын О.Мөнгөнсүх, гутгаар байрт Баяндэлгэр сумын Б.Түвшинбаяр нар
шалгарсан юм.
Язгуур урлагийн төрөлд тэргүүн байрт Борнуур сумын А.Ихзориг, дэд байрт Мөнгөнморьт сумын Ц.Гантулга, гутгаар байрт Бүрэн сумын Д.Эрдэнэбаатар нар тус тус шалгарлаа.
Энэхүү наадам нь монгол язгуур өв уламжлалаа хадгалж хамгаалах, өвлөн уламжлах, бусдад түгээн дэлгэрүүлэх гол гүүр болно гэдгийг албаныхан онцоллоо.