ДАРХАН-УУЛ: Улсын залуу начин Б.Түвшинтөгс түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-20 12:07:22

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Билгийн улирлын арван долоодугаар жарны "Үзэсгэлэн болгогч " хэмээх Усан туулай жилийн сар шинийн барилдаан өнгөрсөн баасан гарагт боллоо.

Тус барилдаанд улсын начин тав, аймгийн арслан арав тэргүүтэй 48 бөх уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн барилдлаа. Ковид болон түүнээс өмнөх хоёр гурван жилийн сар шинийн баярын үндэсний бөхийн барилдаанд улсын цолтнууд ингэж олноор ирж барилдаагүй аж. Хүч тэнцүүхэн, өрсөлдөөн ихтэй, уран мэх, бяр хүч шаардсан барилдаанд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат Сүлд Спорт хороо, Булган нутгийн Хөгжлийн төлөө сангийн бөх Улсын начин залуу Б.Түвшинтөгс түрүүлж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Дархан Хайрхан дэвжээний бөх аймгийн арслан С.Ерөөлт үзүүрлэлээ.




Сар шинийн барилдааны их шөвөгт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Дархан Хайрхан дэвжээний бөх аймгийн хурц арслан С.Очирбат шөвгөрч, дунд шөвөгт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Улсын начин Д.Амарсайхан, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Улсын начин Хутагийн Цогтгэрэл, Булган аймгийн Орхон сумын харьяат Улсын начин Б.Түмэндэмбэрэл нар шөвгөрлөө.


Мөн үеэр Дархан хотын ахмад бөхчүүд, засуулуудад Дархан-Уул аймгийн Засаг дарга, Үндэсний бөхийн холбоо, Тотал Дистрибюшин ХХК-аас хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

Related news