Израилын Ерөнхийлөгч жагсагчдыг сонсохыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-02-13 09:46:43

ТЕЛЬ-АВИВ. /The Jerusalem Post/. Израилын Ерөнхийлөгч Ицхак Герцог ням гарагт телевизээр үг хэлэхдээ засгийн газраас явуулж буй шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын улмаас тус улс "үндсэн хуулийн болон нийгмийн сүйрлийн" ирмэгт тулж ирснийг анхааруулаад, жагсагчдыг сонсохыг сайд нарын танхимдаа уриалав.


“Яриа хэлцэлцээ дутмаг байгаа нь биднийг дотроо хагаралдахад хүргэж байна. Тиймээс би та бүхэнд энэ дарьтай торх дэлбэрэхэд ойрхон байгааг чанга, тодорхой хэлж байна. Энэ бол онц ноцтой байдал" гэж И.Герцог мэдэгджээ.


Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Засгийн газрын төлөвлөж буй өөрчлөлтүүд нь маш радикал шинжтэй байгаа нь Израилын ардчиллын ирээдүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, холбоотнуудтай харилцах харилцаанд тодорхой бус байдал үүсгэж, ноцтой түгшүүр төрүүлж байна гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 


Тодруулбал, Б.Нетаньяху болон түүний талынхан шүүгчдийг томилоход Засгийн газрын үүрэг оролцоог нэмэгдүүлж, Дээд шүүхийн эрх мэдлийг ихээхэн хязгаарлахыг зорьж байгаа аж.


Йерусалим болон Иордан голын Баруун эрэгт израилчууд, палестинчуудын хооронд хүчирхийлэл газар авч буй энэ үед шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж байгаад хэвлэлүүд ихээхэн анхаарал хандуулж байна.


Үүнтэй холбоотойгоор Герцог "гаднаас ирэх аюул занал хангалттай их байна" хэмээн мэдэгдээд харилцан буулт хийхэд чиглэсэн яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.

Related news