Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-06 15:51:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын хуралдаанаар Авто замын түгжрэлийг бууруулахтай холбоотой журамд нэмэлт өөрчлөлт оруулах санал, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци, Улаанбаатар спорт менежмент, НОСК ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах, нийслэлийн өмчид үл хөдлөх хөрөнгө, барилга бүртгэн авах, Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэв.  


Иргэдээс ирсэн санал хүсэлтэд үндэслэн Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах саналыг хэлэлцлээ. Тодруулбал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэхээр тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхтэй холбоотой иргэдийн санал, гомдол ирдэг. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх, жолоочид сануулах, торгох шийдвэрийг бичгээр буюу цахимаар гаргах, тухайн жилдээ анх удаа зөрчил гаргасан бол тээврийн хэрэгслийн жолооч, эзэмшигч, өмчлөгчид сануулах, давтан гаргасан бол цахимаар шийтгэл ногдуулах, 3 дахь удаагаа гаргасан бол цахимаар шийдэж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг төлүүлэн зөрчлийг арилгуулах зэрэг нэмэлт, өөрчлөлтийг журамд тусгах саналыг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн танилцууллаа. Мөн зөрчлийн зураг, дүрс бичлэгийг Замын хөдөлгөөний удирдлагын төв хүлээн авч, нэгдсэн цахим удирдлага, хяналтаар хангах, зөөж шилжүүлэхийн өмнө зөрчлийн талаарх мэдээллийг хянан баталгаажуулах зэрэг заалт тусгахыг тэрбээр онцолжээ.


Төлөөлөгчид тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэх ажиллагааг хариуцаж буй ачилтын компаниудад хяналт тавих, мөн эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар замын хөдөлгөөнд болон түгжрэлд хэрхэн нөлөөлөх талаар судлах, заалтуудыг илүү нарийвчлах саналуудаа илэрхийллээ. Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах төлөөлөгчид, иргэдийн саналыг нэгтгэн тэмдэглэж, Хууль зүй, дотод хэргийн сайдад хүргүүлэхээр боллоо.

Related news