Хүүхдийн мөнгөтэй холбоотой мэдээллийн зөрүүг засуулахаар 300 мянга гаруй иргэн ханджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-06 11:48:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ХНХЯ-ны мэдээллээр өнгөрсөн сарын байдлаар нийт хүүхдийн 90.8 хувь буюу 1 сая 045 мянга хүүхдэд Хүүхдийн мөнгийг олгоод байна.


Хүүхдийн мөнгийг олгохдоо өрхийн мэдээллийн санд үндэслэснийг албаныхан хэлж буй. Иргэдийн мэдээлэл зөрүүтэй тохиолдол их гарсан. Тиймээс ойрын өдрүүдэд иргэд зөрүүтэй мэдээллээ засуулахаар төрийн байгууллагуудад хандаж байна.  


ҮСХ болон ХНХЯ-наас гаргасан мэдээллээр улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар 0-18 насны нийт 1 сая 261 мянга 344 хүүхэд байна.

Үүнээс нийт хүүхдийн 91 хувь нь 1 сая 147 мянга 822 байна. (Улсын Бүртгэлийн ерөнхий газрын эх сурвалж, ҮСХ-ноос гаргасан сүүлийн тоогоор)


Хоёрдугаар сарын 1-ний байдлаар өрхийн гишүүдийн тоо, үл хөдлөх хөрөнгө, автомашин, малын тоо толгой, цалингийн мэдээлэл зөрүүтэй байгаа талаар 82 мянга гаруй өрх, 313 мянган гаруй иргэн засуулах хүсэлт өгөөд байна. Одоогоор нийтдээ 231 мянга гаруй өрхийн мэдээлэл засагдсан. Тиймээс иргэд хоёрдугаар сарын 8-ний дотор мэдээллээ засуулах шаардлагатай. Түүнчлэн хоёрдугаар сард улсын хэмжээнд өрхийн үнэлгээг дахин хийхээр төлөвлөж байна. Иргэд шаардлагатай тохиолдолд хорооны ажилтандаа хандаж өрхийн үнэлгээ дахин хийлгэж болно хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар мэдээллээ. Тэрбээр, өрхтэй холбоотой мэдээллийн сангуудыг бүрдүүлэн нэгтгэсэн. Улмаар мөн амьжиргааг тооцох аргачлал бэлэн болсон гэв.

 

Related news