Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт Казахстан улстай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-06 10:17:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн тухай хэлэлцжээ.


Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогтод олгосон юм.

“Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл нь 13 зүйлтэй. Үндсэн агуулга, зарчим нь хөрш зэргэлдээ орны эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны заавар, зөвлөмжийн дагуу зохион байгуулах, талууд хөрш зэргэлдээ газар нутаг, нислэгийн мэдээллийн залгаа бүс хоорондын хилийг өөрсдийн хариуцсан эрэн хайх, авран туслах бүс хэмээн тогтоох,  энэ бүсэд гарсан агаарын хөлөгтэй холбоотой осол, авсан арга хэмжээний талаар харилцан мэдээлэх, аюулд нэрвэгдсэн аливаа хүнд иргэний харьяалал, нийгмийн байдал, мөн түүнийг илрүүлсэн нөхцөл байдлыг үл харгалзан тусламж үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино.


Төсөлд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулснаар ИНОУБ- -ын бодлого, стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх, 2 орны хилийн залгаа нутаг дэвсгэр дээр, түүн дээрх агаарын зайд аюулд нэрвэгдсэн, аюул тулгарсан агаарын хөлөг, аливаа хүмүүсийг богино хугацаанд эрэн хайх, аврах, тусламж үзүүлэх боломж бүрдүүлж, хүний амь нас хохирох эрсдэлийг бууруулах, хүч, хэрэгсэл, нөөцийг зөв зохистой тооцон хуваарилах зохицуулалтыг бүрдүүлэх ач холбогдолтойг ИНЕГ мэдээлэв. 

Related news