АРХАНГАЙ: Орон нутгийн төсөвт санал өгөх, хяналт тавих мэдлэгийг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-31 12:45:37

Архангай /МОНЦАМЭ/. “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төслийг Монгол Улсын хэмжээнд 2020-2023 онд хэрэгжүүлж байна. Төслийг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байна. Төслийн хамтран хэрэгжүүлэгчээр Глоб Интернэшнл төв ажиллаж байна. 

 

МАСАМ II төслийн мэдлэг ойлголт дээшлүүлэх ажлын хүрээнд “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалт, хэлэлцүүлгийг Архангай аймагт төрийн байгууллага, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

 

Сургалтын зорилго нь төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх юм. Уг зорилгын хүрээнд төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах 4 модуль сургалтаас гадна “Иргэдийн төсөв” эмхэтгэл бэлтгэхэд орон нутгийн төсвийн мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллагуудад арга зүйн дэмжлэг үзүүлсэн юм.

 

Сургалтыг Глоб Интернэшнл төвийн МАСАМ II төслийн баг чиглүүлэн зохион байгуулсан ба сургалтын үр дүнд оролцогчид нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт, ил тод байдал, бүтээлч хамтын оролцооны ач холбогдол, улс, орон нутгийн төсөв, төсвийн хөрөнгө оруулалтын талаарх ойлголт, Монгол Улсын Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний тогтолцоо ба иргэдийн оролцооны ач холбогдлын талаарх ойлголт мэдлэгээ нэмэгдүүллээ. Өөрөөр хэлбэл орон нутгийн төсөвт бодлогын баримт бичгийн аль зүйл заалтад хамааруулж, бүтээлч санал өгөх, хэрхэн хяналт тавих мэдлэгийг өглөө.

  

Сургалтын хоёр дахь өдөр “Иргэдийн төсөв-2023” эмхэтгэл бэлтгэх тухай олон талт хэлэлцүүлгийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” ТББ, “Даацтай хөгжлийн ирээдүй” ТББ-тай хамтран зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлгийн зорилго нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үр дүнтэй хүргэхэд аймаг, сумын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг олон талын оролцоонд тулгуурлан тодорхойлсон. Мөн хамтаар тодорхойлсон асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх арга зам эрэлхийлэх, хамтын үйл ажиллагааны стратеги боловсруулах зорилгоор зохион байгуулах юм.

Related news