ӨМНӨГОВЬ: Д.Түүвээ: Тууштай байдал, уйгагүй эрэл хайгуул бизнесийг амьтай байлгаж чаддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-31 13:27:11

Өмнөговь /МОНЦАМЭ/ Орон нутгийн брэндийг буй болгохын төлөө 10 гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөсөөр дотооддоо төдийгүй гадаадад говь нутгийн брэндээ гаргаж, сурталчлан таниулсаар яваа жинхэнэ баялаг бүтээгч бахархам бүсгүй Д.Түүвээг энэ удаа онцолъё. Тэрээр “Говь гоо” брэндийн бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг уламжлалт мал аж ахуйгаас гарган авч улмаар бүтээгдэхүүн бүрээ гар аргаар үйлдвэрлэн эрүүл мэндэд ашиг тустай, 100 хувийн байгалийн гаралтай, органик гоо сайхны бүтээгдэхүүнийг 70 гаруй нэр төрлөөр үйлдвэрлэн, брэндийнхээ дагалдах хэрэгсэл, сав баглаа боодлыг ч мөн үндэсний үйлдвэрлэгч нартай хамтран хийж монгол брэндийг бий болгохын төлөө хичээн ажиллаж байна.  

Говь гоо"-гийн  бүтээгдэхүүнүүдийг шар тос, ингэний сүү, хоормог зэрэг таван хошуу малын шим тэжээлээр баяжуулан хийдгээрээ нэн онцлогтой бөгөөд өв соёлоо танин мэдүүлж сурталчлах зорилгоор бүтээгдэхүүндээ уламжлалт монгол ахуйг бүрэн шингээн олон хэлбэр дүрс оруулан үйлдвэрлэдэг гэлээ.




 

 - Анх бизнесээ хэдэн оноос эхлэв? 

- Их сургуулиа төгсөөд л 2004 оноос эхлүүлж байлаа. Миний хувьд гоо сайханч, бизнесийн чиглэлийн мэргэжилтэй.  Тиймээс энэ чиглэлээрээ ажиллахад ойр дөхөм байв.


- Гоо сайхны бизнесээрээ шууд эхэлчихсэн гэсэн үг үү?  

- Яг тийм биш. Миний нэг онцлог бий. Үргэлж  шинэ санаа эрэлхийлж, хайж явдаг. Анх гэр бүлийн хамтаар “Мон даац” гэдэг компанийг үүсгэн байгуулсан. Тухайн компани маань явган хүний замын өнгөт хавтанг анх Өмнөговь аймагт үйлдвэрлэж эхэлсэн. Манай хавтангаар говь нутгийн эрэлхэг зоригт эмэгтэй Т.Борын хөшөө, Даланзадгад хотын сургууль, цэцэрлэг, гаднах зам гээд нийт талбайн тохижилтын хавтанг бид үйлдвэрлэн нийлүүлж байсан юм шүү дээ. Ингээд хүнсний үйлдвэрлэлийг салбарлан хөгжүүлж эхэллээ. Монгол Улсад дөнгөж хагас боловсруулсан бүтээгдэхүүн ид эрчээ авч байсан үе. Тэр цаг үетэй зэрэгцэн орон нутагт уг бизнесийг буй болгож, “Мон бууз”, “Мон банш”, “Мон хэрчсэн гурил”, бөөрөнхий мах, котлетын мах зэргийг үйлдвэрлэн худалдаанд гаргасан. 2006 оны эхэн үе шүү дээ. Бүтээгдэхүүнүүд маань аймгийнхаа шилдэг бүтээгдэхүүнээр удаа дараа шалгарч байсан ч цаашид амжилттай хөгжиж чадаагүй.


- Яагаад вэ? Шилдэг бүтээгдэхүүнээр жил бүр тодордог байсан шүү дээ?

- Тухайн үед бид их залуу, туршлага бага байсан. Эргэлтийн суурь хөрөнгө гэж байгаагүйгээс тодорхой богино хугацаанд хангалттай эргэлтэд оруулж чадаагүй. Жижиг дунд үйлдвэрлэлүүдийн хөгжил нийтлэг ийм шалтгааны улмаас ямар нэг дэмжлэггүй бол зах зээлийн жаахан өөрчлөлт үнийн савалгаанд л бор зүрхээрээ хүчилж яваад гэнэт зогсдог. Тэр л жишгээр үргэлжлээгүй.


- Гэхдээ л анх таны тэр 10 гаруй жилийн өмнө санаачлаад эхлүүлсэн бизнес одоо бол хэрэглэгчдийн гол хэрэглээ болоод явж байна?

- Түрүү хэлсэнчлэн би гэдэг хүн их сониуч, амьдарч байгаа газар оронд минь юу хэрэгтэй байна бусад хүний санаачлаагүй шинэлэг юу байна гэдгийг тасралтгүй эрж хайж явдаг. Хүмүүс олж харж сэтгээгүй байхад нээн илрүүлдэг. Гэхдээ энэ нь бас сул талтай байдаг юм байна. Хэт түрүүлж цагаа олоогүй, нэг ёсондоо хөрсөндөө бууж амжаагүй байхад эхлүүлэх эрсдэлтэй. Ямар нэг шинэ зүйл олон нийтэд танигдаж байнгын хэрэглээ болоход тодорхой цаг хугацаа орж байдаг. Тиймээс хүмүүс хүлээж авч хэрэглэж дадаагүй байхад нь бид дайран орсон нь бидний тухайн бизнесээ хөгжүүлж чадаагүйн гол шалтгаан болсон байна гэж дүгнэсэн. Нөгөөтэйгүүр төрийн бодлогын нүдээ олсон дэмжлэг, уялдаа холбоо сайн байвал цаг үеэ олоогүй ч үйлдвэрлэл эрхлэгч нарт учрах эрсдэл буурна.


- Үйлдвэрлэгч байна гэдэг ашиг орлого олно гэхээс илүүтэй асар их туршлага хуримтлуулахын нэр байх. Тодорхой цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зориулсны эцэст сая бизнесийн зарчмаар явуулах боломж бүрддэг. Нэг төрлийн өршөөлгүй салбар юм? 

- Тэгэлгүй яахав. Өнгөрсөн бүхэн маш том сургамж, дадлага туршлага болсон. Бид ерөөсөө харамсдаггүй. Баялаг бүтээж бизнес эрхэлнэ гэдэг бэлэн бараа авч ирээд худалдахдаа адилгүй. Хэд дахин мэдрэмжтэй мэдээлэлтэй байхыг шаарддаг. Цаг ямагт зах зээлээ судлах, цаг хугацаагаа харах гээд олон талт суурь хүчнүүдтэй үйл ажиллагаагаа нийцүүлэх учиртай болдог.  


-Тухайн үед бизнест хөл тавьж эхэлж байгаа залуусыг дэмжих тал дээр тааруу байсан уу?

- Тийм гэж хэлж болно. Одоогийнхтой адил төсөл хөтөлбөр ч төдийлөн хангалттай түвшинд хэрэгждэггүй байсан. Хоёрдугаарт бид дөнгөж сургуулиа төгсөөд ирчихсэн. Бүтээх их хүсэл эрмэлзлээс өөр хөрөнгөгүй хүмүүст чинь итгэж мөнгө зээлэх банк гэж байхгүй. Яахав Худалдаа үйлдвэрлэлийн танхимын хувьд биднийг шагнал урамшууллаар тодорхойлж,  урамшуулан дэмждэг байсан.


- Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ хэзээ эхэлсэн бэ? “Говь гоо” брэндийг хэрхэн бүтээв?

- 2009 оноос гоо сайхны бүтээгдэхүүний жижиглэн болон бөөний худалдаагаа эхлүүлсэн. 2016 оноос гоо сайхны үйлчилгээ, агаарын иог, бясалгалын чиглэлээр сургалтын тусгай хөтөлбөрийн дагуу сургалтуудаа явуулж ирсэн. Харин 2019 оноос эхлэн “Говь гоо” брэндийн гоо сайхны органик бүтээгдэхүүнийг гар аргаар үйлдвэрлэж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.



- Дөнгөж эхлээд л дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын хүнд үетэй тулгарчээ? Бүтээгдэхүүний зах зээлээ хэрхэн хамгаалж авч явав?

- Яг тэгсэн. Бид органик бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж эхлэхтэй зэрэгцээд л ковидын хүнд үетэй нүүр тулсан. Гэвч энэ хүнд цаг үед бид зүгээр суулгүй тасралтгүй суралцан хөгжиж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийсээр байсан. 2021 он гараад хил гааль хаалттай үед ч гэсэн зай завсраар нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон үзэсгэлэнд амжилттай оролцлоо. Монгол Улсаас нийт 14 компани оролцсон. Энэ үйл ажиллагаагаар бид “Говь гоо” брэндээ олон хүмүүст таниулж чадсандаа маш их баяртай байдаг. Мөн улс орны хэмжээнд зохион байгуулсан үзэсгэлэн худалдаа өдөрлөгүүдэд бид тасралтгүй оролцсоор байна. Энэ хэрээр бидэнд олон таатай хамтын ажиллагаанууд бий болсон.


- “Говь гоо” брэнд өнгөрсөн богинохон хугацаанд чамгүй амжилт гаргажээ? Үнэхээр бахархам санагдаж байна?

- Баярлалаа. ХХААХҮЯ-наас зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаанд манай брэндийн “Цасан цагаан” ингэний сүүтэй саван экспортын шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан. Харин 2022 онд бид гоо сайхны кластераараа Европын Холбооны улсад Монгол Улсаас анхдагч болж хамтын гоо сайхны брэндээ гаргаж чадсан. Мөн “Говь гоо” компанийн гоо сайхны кластераар Бүгд Найрамдах Итали Улсын Болонъя хотод болсон гоо сайхны үзэсгэлэн худалдаанд оролцсон. Мөн Шведийн Хаант улсын нийслэл Стокгольмд ажиллаж амьдарч байгаа монголчуудад бүтээгдэхүүнээ танилцуулах зэрэг бизнес аялалд амжилттай явж ирлээ. Өнгөрсөн жилийн хувьд их амжилттай сайхан байлаа.


- Гадны орнуудад бүтээгдэхүүний борлуулалт нь хэр байдаг вэ?

- Сайн байдаг. Яагаад гэхээр органик бүтээгдэхүүн гэдгийг гадныхан ойлгочихсон манай улсын иргэдийг бодоход харьцангуй сайн мэдлэгтэй байдаг. Мэдээлэлтэй хүмүүс шууд худалдан авалт хийнэ. Шинээр сонирхож ч бас их авч байна. Монголд ирсний дараа эргэн холбогдож, гэрээ байгуулж хамтран ажиллая гэдэг саналууд их тавьсан. Заримтай нь бид хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.

 

- “Говь гоо” ХХК  органик гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна их олон төрлийн үйл ажиллагааг өргөжүүлэн явуулж байна. Эдгээр үйлчилгээнүүдийнхээ талаар танилцуулахгүй юу?

- Хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Агаарын иог, бясалгалын чиглэлээр бүх төрлийн сургалтын хөтөлбөрүүд, мөн нөхөн сэргээж алжаал тайлах төв ажиллаж байгаа юм. Сүүлийн үед “Говь гоо” брэндийн эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүнийг нэмж үйлдвэрлэж эхлээд байна.




- “Говь гоо” брэнд одоогоор хэдэн төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна вэ?  Бусад гоо сайхны үндэсний бүтээгдэхүүнээс юугаараа онцлог давуу талуудтай вэ?

-

Манай брэнд бүтээгдэхүүнийхээ орц найрлагад аль болох говь нутгийн түүхий эдийг татан авч хэрэглэх зорилготой ажилладаг. Бүтээгдэхүүний орц найрлага бүгд органик. Таван хошуу малын тосыг худалдан авч савангийнхаа гол түүхий эдээр ашигладаг. Хаягдаж байгаа өөхийг хаягдал болгохгүй худалдаж аваад ангилан тосыг гарган авч савангийн үйлдвэртээ нэвтрүүлж эхэлсэн. Бүтээгдэхүүний материалаа ойр орон нутгаасаа бэлтгэж чадаж байгаа нь бид хямд саван үйлдвэрлэн гаргах боломж бүрдэж байгаа нэг давуу тал юм.


- Өнөөдрийн байдлаар хэдэн хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна?

- Яг одоогийн байдлаар тогтмол 10 гаруй  хүнийг ажлын байраар ханган ажилладаг. Цаашдаа хүнсний үйлдвэрлэлээ явуулаад өргөжөөд ирвэл цөөнгүй ажлын байр нэмэгдэнэ.


- “Говь гоо” брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд маш санаачилгатай ажилладаг хамт олон. “Гоо мазаалай сан”-гийн үйл ажиллагаанаас сонирхуулахгүй юу?

 - Бид нийгмийн хариуцлагын хүрээнд “Гоо мазаалай” санг байгуулсан. Дэлхийд байдаггүй цор ганц Монголын говьд нэн цөөн тоогоор амьдардаг бөгөөд улаан номд орж ховордоод байгаа мазаалай гэдэг амьтныг хайрлаж хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой ажилладаг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлуулалтын тодорхой хувиа сандаа хандивлаж, мазаалайд өвс тэжээл тавьж өгөхөд дэм болон оролцдог. Дээр ярианд хэлсэнчлэн,


Брэнд бүтээгдэхүүндээ өв соёлоо шингээхийг хичээдэг.


Тиймээс мазаалайн хэлбэртэй  “Гоо мазаалай” гээд саван манайд байдаг. Энэ бүтээгдэхүүн маань сангаа бараг байгуулсан гэж хэлж болно. Энэ саванг Дубай хотод их сайн борлуулсан. Бүтээгдэхүүний тодорхой хувь байгаль хамгаалах санд орно гэхээр гадны хүмүүс их таатай хүлээж авдаг. Гадны мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу бид өөрсдөө ийнхүү сангаа байгуулаад мазаалай нутагладаг бүс нутгуудын байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдтэй хамтраад томоохон төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулсан. Цаашид энэ ажил илүү далайцтай хөгжиж үргэлжилнэ. Хамтарч ажиллах хүмүүс байвал бидний үүд хаалга үргэлж нээлттэй.  




- Бүтээгдэхүүний хэлбэр хэмжээнээс гадна, сав баглаа боодолдоо их анхаарч ажилладаг нь бас л нэг давуу тал гэхээсээ алсын хараа уу?

- Бид энэ брэндээ дэлхийд гаргана гэсэн том зорилт тавин ажиллаж байгаа. Тиймээс зорилгынхоо дагуу говь нутгийн онцлогийг харуулсан тэмээ, мазаалай, хонь, ямаа гээд амьтдын хэлбэр дүрстэй хийдэг. Тэмээ гэхэд л найрлагад нь ингэний сүү орсон, хонь гэхэд хонины сүүл орсон ч гэдэг юм уу. Нөгөөтэйгүүр хүүхдүүд манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байхдаа өв соёлоо мэдэж байдаг. Энэ хонины сүүлээр хийсэн саван байна. Ийм ийм төрлийн ашиг шимтэй байх нь гэх зэргээр мэдээлэл авч байх жишээтэй. Сав баглаа боодлоо ч гэсэн эх орны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр шийддэг. Ер нь үндэсний гэх тодотголд дуртай хүн дээ.


- Бүх бүтээгдэхүүнээ гар аргаар үйлдвэрлэж байгаагийн нууц гэх юм уу онцлог нь юундаа байна?

- Органик чанарыг нь алдагдуулахгүй гэж шүү дээ. Хөдөлмөр хөнгөвчилсөн техник хэрэгсэл нэвтрүүлээд автоматжаад ирэх л юм бол химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж массаараа үйлдвэрлэж эхэлнэ гэсэн үг. Бид бол ямар ч химийн гарлын бүтээгдэхүүн хэрэглэдэггүй гэх энэ онцлог агууламжаа ягштал баримтална.  


- Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд хэр байна. Өдөрт хэдэн саван үйлдвэрлэх чадвартай вэ?

- Өнгөрсөн жил 21 аймгийн брэнд бүтээгдэхүүний шалгаруулалтад ороод Номингийн бүх салбараар бүтээгдэхүүнээ нийлүүлэх эрх авсан. Тиймээс бид үйлдвэрээ яалт ч үгүй өргөтгөх хэрэгцээ шаардлага гарсан. Тиймээс нэлээд шинэчлэл хийж өргөтгөсөн. Өдөрт 1000 гаруй саван үйлдвэрлэх хүчин чадалтай. Ганц саван гэхгүй хажуугаар нь ванны бөмбөлөг, ванны давс, үнэрт лаанууд, гар урлалын сувинерүүдийг олон төрлөөр үйлдвэрлэдэг.  


- Орон нутагтаа баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчдээ хэр дэмжиж байна?

- Энэ цаг үед дэмждэг болсон. Орон нутагтаа баялаг бүтээж байна, орон нутгийн брэнд үйлдвэрлэж байна гэдэг талаас их харж үзнэ. Цар тахлын хүнд үед аймгийн Засаг дарга Р.Сэддорж зочдын гарын бэлгэнд манай бүтээгдэхүүнээс авч оруулж  байсан нь их дэмжлэг болсон. Манай хамт олон их баярладаг юм. Төр засгийн дэмжлэгээс гадна үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжих хамгийн том дэмжлэг бол иргэдийн сонголт, хэрэглээ худалдан авалт юм.




- Танай брэндийн хувьд улирлын чанартайгаар борлуулалтад өөрчлөлт гардаг уу? Жуулчид ирэх үеэр нэмэгддэг үү?

- Бэлгийн багцууд их гаргадаг болохоор томоохон баяр ёслол, Цагаан сарын үеэр борлуулалт нэмэгддэг. Гэхдээ жирийн үед ч тун гайгүй байдаг болсон. Одоо үед хүмүүс нутгийн брэндээ их чухалчилдаг, ойлгодог болсон. Хол ойр, гадаад дотоод явахдаа говийн брэнд гээд бэлгэндээ аваад явдаг. Орон нутагтаа мөнгөө үлдээх, орон нутгийн үйлдвэрүүдээ хөгжүүлэх гэсэн эрмэлзэл их харагддаг болсон нь тун таатай санагддаг. Гадны чанар муутай, баталгаагүй элдэв хэрэглээнээс илүү нутгийн брэнд илүү үнэ цэнтэй болсныг хүмүүс ойлгох болжээ.


- “Говь гоо” брэнд ирээдүйд ямар зорилтуудыг тавин ажиллаж байна?

- Бид Номингийн бүх салбараар бүтээгдэхүүнээ борлуулах гэрээгээ байгуулсан. Тэгэхээр бараа бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлэлтээр хангах, цаашлаад уул уурхайн компаниуд, зочид буудлуудын  хэрэгцээнд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болох, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ эрчимжүүлж төрлийг нэмэх зэрэг томоохон ажлууд төлөвлөсөн. Орон нутгийн төдийгүй сүлжээ дэлгүүрээр дамжин 21 аймагт бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх зорилтыг тавьж байна. Мөн хүнсний органик бүтээгдэхүүнээр багц гаргаж худалдаанд гаргахаар зорьж байна.

 

- Бизнесийн салбар гэдэг үргэлж хөдөлмөрлөж байдаг бас их зав чөлөөгүй салбар? Хувь хүн, эмэгтэй хүн талаасаа өөртөө хэр цаг зарцуулдаг вэ?

- Бүх зүйл маш хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа мэдээллийн эрин үед бид амьдарч байна. Тэгэхээр хоцрохгүй байхын тулд үргэлжид суралцаж байхыг хичээж байна. Миний хийж байгаа ажил сурсан мэдсэнээ үргэлж бусдад хуваалцах юм. Өөрөө шинийг мэдье, мэдсэнээ хуваалцъя гэсэн зарчим. Бизнесийн, иогийн гээд бүх л чиглэлээр сургалтууд хийж байна.  Өөрөө ч энэ талдаа их сонирхолтой.



- Шинээр бизнес эхэлж байгаа залууст хандаж юу хэлмээр санагддаг вэ?

- Мэдээж бизнесийн гол зарчим бол тууштай шантрахгүй байх. Хийж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бүрдээ сэтгэл зүрхээ шингээх, чанартай, тэгээд шударга байхыг хичээгээрэй. Гол нь урт удаан үйл ажиллагаагаа явуулъя гэвэл хэрэглэгчдийнхээ итгэлийг дааж чаддаг байх явдал юм. Шинийг эрэлхийлэх хэрэгтэй. Хүний хийж байгаа зүйлийг аль болох даган дуурайхгүй байвал давуу тал болох болов уу. Шинээр эхлүүлсэн бүхэнд таамаглаагүй бэрхшээлүүд урган гарсаар байдаг. Энэ бүхнийг тууштай хичээнгүй тэвчээрээр л даван туулна. Үр дүн заавал гардаг юм шүү гэж хэлмээр байна.

- Танд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.


 

 

Related news