СЭЛЭНГЭ: Отрын малчид гэрээгээ зөрчих, дур мэдэн өөр сумд руу нүүдэллэх явдал гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-01-30 13:16:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн өвөлжилтийн байдал хэр байгаа талаар аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөрөөс тодрууллаа.

Өнгөрсөн долоо хоногт цас орж, шуурсны улмаас Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Хушаат, Орхонтуул, Орхон сумын нутгаар цасны зузаан 5.1-10.0 см, даваа гүвээ, гуу жалга хэсэгтээ 15-31 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтож цагаан зудтай байгаа ажээ. 


-Таныг сумдад ажиллаж байгаа гэж сонслоо. Малчдын аж байдал хэр байна вэ?

-Малчид өвс тэжээлээ сайн бэлтгэж, өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайн базаасан болохоор гайгүй сайн байна. Харин цаашид цас нэмж орж, шуурах юм бол өвөлжилт хүндрэх төлөв ажиглагдлаа. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд 1.9 сая толгой мал өвөлжиж байна. Одоогийн байдлаар малын зүй бус хорогдол гараагүй. Сумд эхнээсээ нөөцийн өвсөө татаж эхэлсэн. Тухайлбал Алтанбулаг, Сант, Орхон сум өөрийнхөө нөөцийн өвсийг татаад байна. Өнгөрсөн долоо хоногийн хүйтрэлээр мал нэлээд ядарч сульдах маяг орсон байна. Хавар цас нэмж орвол зарим газраар тухайлбал, Орхонтуул, Орхон суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа.


-Энэ жил Сэлэнгэ аймагт отор нүүдэл орж ирэв үү?

-Энэ жил Орхонтуул суманд Өвөрхангай болон бусад аймгаас отрын малчид орж ирсэн. Угтаа бол газар тариалангийн бүс нутагт отор хийх ёсгүй байдаг. Отрын малчид Орхонтуул, Орхон сумын зуслан, хадлангийн талбайд өвөлжиж, хаваржих гэж байна.

Энэ нь Сэлэнгэ аймгийн малчдын ирэх жилийн хадлан тэжээл болон бусад бэлтгэл ажилд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Отор хийж байгаа хүмүүс дээрх сумдын нутагт гэр бариад амьдарч байна.  


-Отрын малчид тодорхой гэрээний дагуу орж ирдэг үү. Хэчнээн мал, малчин өрх отор хийж байгаа вэ?

-Нийтдээ 30 гаруй мянган толгой малтай, 50 гаруй өрх бий. Эдгээр өрх заасан нутагт дэвсгэрт, гэрээнд заасны дагуу малын хөлийн татвараа төлөөд өвөлжөөд, хаваржаад буцах ёстой. Отрын малчид гэрээгээ зөрчих, дур мэдэн өөр сумд руу нүүдэллэх явдал гарч байна. Тухайлбал аймгийн нутгийн гүн, Хушаат сумын нутаг руу 300 толгой үхэр, 300 адуу орсон гэсэн мэдээ ирсэн.

Сэлэнгэ аймаг тариалангийн гол бүс нутаг, отрын малчид оруулахгүй байх журамтай. Гэсэн ч бид бусад малчдаа бодоод зөвхөн Орхонтуул сумын нутагт отор авах зөвшөөрлийг өгсөн байгаа.

Эдгээр отрын малчид тухайн сумын ИТХ-ын тогтоосон тодорхой газарт өвөлжиж, хаваржаад буцах ёстой. Отроор явж байга хүмүүс гэрээнийхээ дагуу малын хөлийн татвараа ч төлсөн байх ёстой.


-Цаашид энэ салбарын талаар ямар бодлого чиглэлтэй байгаа талаараа тодруулахгүй юу?

-Удахгүй аймгийн малчдын зөвлөгөөнөө хийнэ. Үүгээр тодорхой зүйлүүдийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс нутаг. Энд бид эрчимжсэн мал аж ахуй өсгөх ёстой. Иймээс малын тоо толгойг нэгдүгээрт багасгана. Ингэхийн тулд сүрэгт эзлэх эх малын тоог нэмэгдүүлье. Эр сувай малаа борлуулъя. Цаашдаа эрчимжсэн сайн чанарын Монгол Улсын үүлдэр омгоор баталгаажсан малаа үржүүлж, ашиглаж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн ажиллая гэсэн бодлого баримталж байгаа.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Хүнсний хувьсгал" хөдөлгөөний хүрээнд манай аймаг газар тариалангийн хувьд дотооддоо хүнсээ хангах гол ажилд үндсэн үүргээ чиглүүлэн ажиллана.  

-Ярилцсанд баярлалаа.

Related news