Ц.Атаржаргал: Оргил цагт хөргөгчөө түр салгахад 100 мВт цахилгаан хэмнэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-30 11:49:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭХЗХ-ноос мэдээлснээр эрчим хүчний системийн оргил ачаалал өнгөрсөн мягмар гарагт 1474 МВт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 138 МВт-аар, импорт 130 МВт-аар тус тус нэмэгдсэн байна. Цахилгаан, эрчим хүчний ачаалал, хэрэглээ, хэмнэлтийн талаар ЭХЗХ-ны Эрчим хүчний хяналтын газрын дарга Ц.Атаржаргалаас тодруулав.


-Танай байгууллагаас цахилгаан, эрчим хүч ашиглалтын оргил цагийн үед тодорхой хэрэглээнээс татгалзахыг уриалж байгаа. Яаж хэмнэх талаар тодруулна уу? Цахилгаан, эрчим хүчийг хэмнэснээр нөөцийг хэрхэн яаж бий болгох вэ?

-Ойрын жилүүдэд манай улс цахилгаан, дулааны, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохгүй бол хэрэглээний өсөлтөө дийлэхгүй байна. Тийм учраас жил бүр 30-50 мВт-ын цахилгаан, эрчим хүчний хэрэглээг хязгаарлахаас аргагүй болж байна. Гэхдээ дээрх хэмжээний хэрэглээг хязгаарлахгүй байх нэг арга зам, боломж нь эрчим хүч, цахилгаанаа хэмнэх явдал юм.


Бид хэрэглэгч нараа оргил цагийн үед тодорхой хэрэглээнээс татгалзахыг уриалж байна. 605 мянган өрхийн хэрэглэгч 18.00-19.00 цагаас 22.00-23.00 цагийн хооронд хөргөгч, угаалгын машин, тоос сорогч зэрэг зарим цахилгаан хэрэгслээ түр салгахад эрчим хүчний системийн хэмжээнд 100 хүртэл МВт-ын хүчин чадлыг хэмнэж, импортын хэрэглээг багасгах боломжтой. Энэ нь ДЦС-3-ын суурилагдсан хүчин чадлын 50-60 хувьтай тэнцдэг. Мөн цахилгаан зуухны оронд хаяа хийн зуух хэрэглэх, нар, салхины эрчим хүч ашиглах зэрэг боломж байна.


Нийтийн болон хувийн орон сууцандаа дулааны хэмжүүр тавих нь мөн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чухал нөхцөл юм. Хэмжилт бол хэмнэлтийн үндэс болно. Дулааны хэмжүүрийг өрөөний температур тохируулагч хэрэгслийн хамт тавьснаар халаалтад зарцуулах дулааны эрчим хүчийг 15-20 хувь орчим хэмнэж болно. Мөн хэрэглэгч нараас гадна эрчим хүчний салбар өөрөө нийлүүлэлт дээр дамжуулалт, түгээлтийн алдагдлаа бууруулж цахилгаан, эрчим хүчээ хэмнэх арга байгаа. Үүний нэг нь цахим, ухаалаг хэрэглээний сүлжээ бий болгох зэрэг юм.


Орон сууцны цахилгаан, эрчим хүч, дулааны хэрэглээ савлагаа ихтэй байдаг бол албан байгууллагын хэрэглэгч нар зөвхөн өдрийн цагаар ашигладаг зэргээр хэрэглэгч бүр өөр байдаг. Тиймээс эхний ээлжинд салбарын хэмжээнд хэмнэлтийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.


Нөөц гэдгийг манайхан баттерей хураагуур шиг ойлгож болохгүй. Үйлдвэрлэл, хэрэглээ цуг, нэг циклээр явагддаг учир оргил ачаалал 1400 МВт-д хүрлээ гэхэд ДЦС-уудын суурилагдсан нь 1200 мВт байдаг. Тийм учраас энэ хооронд дутагдаж буй эрчим хүчнийг манай улс импортоор хааж байгаа.


Гаднаас эрчим хүч авч байна гэдэг нь тэр хэмжээний чадлын дутагдалтай байна гэсэн үг юм. Хэрэв манай улс цахилгаан, эрчим хүчээ хэрэглээний шат шатандаа хэмнэж чадвал импортын хамаарлаа бууруулж, эх үүсвэрийнхээ ачааллыг хөнгөлж байна гэсэн үг.


-Цахилгаан эрчим хүч хэмнэж буй айл өрх дээр хөнгөлөлт үзүүлж урамшуулах гэсэн хөшүүрэг байх уу?

-Цахилгааны төлбөр тооцоон дээр өртгөөс доогуур тарифаар хөнгөлж байгаа. Тухайлбал, гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлт үргэлжилж байгаа. Ер нь бол өрхийн түвшинд хэсэгчлэн төлүүлэх, энэ талын гэрээ хийх, хөнгөлөлт, чөлөөлөлт бий. Ер нь бол эх үүсвэр дутаж буй нөхцөлд цахилгаан, эрчим хүчээ хэмнэнэ гэдэг цахилгаан эрчим хүчний эх үүсвэр талдаа системийн ачаалал бууруулна.


Нэг ёсондоо нэг хэрэглэгч цахилгаан, эрчим хүчээ тултал нь хэрэглэж байна гэдэг нь өөр нэг хэрэглэгчийн боломжийг хязгаарлаж байгаа юм. Хамгийн гол нь ямар нэг урамшуулал гэхээсээ илүү иргэд эрчим хүчээ хэмнэж хэрэглэвэл таны төлбөр тооцоо бага гарна. Өрхийн төсөвт тань хэмнэлт гарна. Цаашлаад эрчим хүчний системийн ачааллыг бууруулж, импортын хэрэглээг багасгаж, эх орондоо хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Энэ л өнөөдөр бидний хийж чадах боломж. Иймээс иргэн бүрийн оролцоо чухал байна. 

Related news