ХОВД: Ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-26 10:22:49

Ховд /МОНЦАМЭ/.  Энэ онд Ховд хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулж байна.


Үүнтэй холбогдуулан
Жаргалант сумын ЗДТГ, “Нью-Урбанизм” ХХК хамтран цуврал хэлэлцүүлэг өрнүүлж буй. Хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэ үеэр Ховд хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөний ажлын явцыг танилцуулж, алсын хараа, стратегийн чиглэл, төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлох талаар нээлттэй ярилцаж байна.

Мөн Ховд хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд иргэдээс цахим санал авч байна.


Ховд хотыг ая тухтай, өөрийн гэсэн онцлогтойгоор тохижуулж, цэцэрлэгжүүлэх чиглэлд цаашид хийж болох ажил, арга хэмжээг тодорхойлох зорилгоор
 дээрх ажлыг хэрэгжүүлж байгаа юм.


Тус аймгийн иргэд хөдөлмөрчид
хотын үзэмж, тохижилтыг сайжруулахад саналаа өгөх боломжтой. Иргэд олон нийтээс гаргасан саналыг бодит ажил хэрэг болгох чиглэлд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарих ажлууд идэвхтэй өрнөж байгаа.  2022 онд хийсэн судалгаанаас үзэхэд  аймгийн төвд ойролцоогоор 25 мянган ширхэг мод, бут сөөг тарьж, ургуулжээ. Цаашид мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил тусгай төлөвлөгөө, хуваарийн дагуу хэрэгжих юм.     






Related news