СГЗ, зохиолч Ж.Саруулбуяны хувийн сан хөмрөгөөр Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-01-25 15:07:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Улсын СГЗ, Урлаг судлалын ухааны доктор, профессор, зохиолч, зураач Ж.Саруулбуяны хувийн хөмрөгийг Үндэсний төв архивын сан хөмрөг хүлээн авах ёслолыг өнөөдөр зохион байгууллаа.

 

Түүний амьдрал, үйл ажиллагааны явцдаа бий болгосон 1946-2022 оны цаасан суурьтай 103 хадгаламжийн нэгжийн 11 570 хуудас цаасан суурьтай баримт, 57 нэрийн 170 хадгаламжийн нэгж гэрэл зураг бүхий баримтуудаар Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулав.

 

Тэрбээр ажил хөдөлмөрийн гараагаа 1981 оноос Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Нэвтэрхий толийн тасагт Уран сайхны редактораар эхлүүлж, Монголын үндэсний галерейн захирал, Монгол Улсын нийслэлийн төв хэвлэл Улаанбаатар таймс сонины ерөнхий эрхлэгч, Монголын Үндэсний түүхийн музейн захирал, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний хэлтсийн эрхлэгч зэрэг Монголын соёл урлаг, шинжлэх ухааны байгууллагуудад тасралтгүй 40 гаруй жил ажиллаж, тухайн салбарынхаа хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулсан юм.

 

Энэ хугацаанд судалгаа шинжилгээ, утга зохиол, зургийн чиглэлээр дангаараа болон бусадтай хамтран 70 орчим зохиол бүтээл, 60 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, 8 баримтат кино зохиол, бичиж түмэн олондоо хүргэсэн эрдэмтэн юм. “Хар дэл бэйсийн унага”, “Ээжээ зорьё”, “Учралын дуу” зэрэг олон дууны шүлгийг зохиосон нь олны сонорыг мялаасаар байгаа билээ.

 

Энэ үеэр СГЗ, зохиолч, зураач Ж.Саруулбуяны амьдрал, үйлсэд холбогдох баримт, гэрэл зургаас бүрдсэн бичил үзэсгэлэнг дэлгэв.

 

Хувийн хөмрөг хүлээн авах ёслолыг Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нээж, хүндэт зочдоор ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D) Ц.Цэрэндорж, Монгол Улсын СГЗ, Чингис хаан одонт, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын СГЗ, Хэл бичгийн ухааны доктор, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, шүүмж судлаач Ү.Хүрэлбаатар, Монгол Улсын Ардын жүжигчин нэвтрүүлэгч Г.Равдан, Монгол Улсын СГЗ, доктор, (Ph.D), зохиолч Ч.Давгадорж, Улаанбаатар их сургуулийн захирал, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, (Ph.D) С.Байгалсайхан, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ө.Цэрэнчунт нар оролцсон юм.




Related news