Нүүрсний гэх тодотголтой хэрэгт 66 хүнийг яллагдагчаар татжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-25 14:03:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүрсний гэх тодотголтой хэрэгт 3 байгууллагын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан, 62 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


Авлигатай тэмцэх газарт 2013 оноос хойш эрх бүхий албан тушаалтнууд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулахад эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, хахууль авч, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 57 хэргийг шалгаснаас 8 хэргийг шүүхэд, 7 хэргийг хаах саналтай прокурорт, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шийджээ.

Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 11, нийт 36 хэргийг мөрдөн шалгаж, 3 хэргийг мөрдөн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлээд байна. Энэ хэргийг шалгах хүрээнд АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаагаар 127 объектыг нэгжиж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 246 удаа, гэрчээр 421 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авч мөрдөн шалгаж байна.


Одоогоор мөрдөн шалгах явцад 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулалгүй баривчлан шүүхэд танилцуулаад байгаа. Хэргийг шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас 7 яллагдагч цагдан хоригдож байгаа аж. Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагчид аваад байна. Мөн мөрдөн шалгах явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,851,252,359 (13.8 тэрбум)  төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нь тогтоогдож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.


Мөн 81 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 78, оффисын 3 талбай), 43 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг, 4 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банк дахь зарлагын гүйлгээг, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Эдгээрээс гадна нэгжлэгийн явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна.


Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, битүүмжлэх тухайд дараах арга хэмжээ авсныг АТГ мэдээллээ. Тухайлбал, төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь Таван толгойн орд газарт хөрс хуулалт, олборлолт явуулж буй хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авч, үүнийгээ нэр бүхий хуулийн этгээдийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, ашиглах эрхтэй 4.6 га талбай бүхий газарт спорт цогцолбор, орон сууцны барилга бариулахдаа хахуульд авсан мөнгөө зарцуулж, гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж ашиглан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, зорилгоор өөрчилсөн. Албан тушаалтан хахууль авах, үндэслэлгүй хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна. Иймд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 3 блок барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан хөрөнгийг битүүмжилжээ.


ТӨК-йн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь найзын хамааралтай хүний нэрээр, 2020 онд Сүхбаатар дүүрэгт байрлах оффисын зориулалттай барилгаас 464.54 м.кв талбай бүхий оффисыг 2.5 тэрбум, мөн оффист 530.09 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдаж авч, эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй, мөн хамаарал бүхий хүний нэрээр бонд, үнэт цаас авч “үндэслэлгүй хөрөнгөжих”, “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдоод байна. Тухайн оффисоо түрээсэлж, 1.091.152.412 төгрөг олсон нь тогтоогдсон тул үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ. Түүнчлэн, төмөр замын бүтээн байгуулалтад өөрийн найзын компанийг шалгаруулж, санхүүжилт аван, ББСБ-аар мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлийг тогтоон шалгаж байгаа аж. 

Related news