Цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагааны төсвийн зарцуулалтыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-01-20 14:49:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газраас ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитыг ЗГ, ЗГХЭГ, УОК, СЯ, ЭМЯ, МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, дүүрэг, өрхийн ЭМТ-ийг хамруулан хийсэн. Улсын Онцгой комиссоос энэ хүрээнд аудитаар баталгаажсан тайланг танилцуулав.


Засгийн газрын дээрх хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд зориулж 2020 онд 4,402.1 тэрбум, 2021 онд 5,164.9 тэрбум, 2022 онд 1,634.7 тэрбум, нийт 11,201.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнээс эдийн засгийг идэвхжүүлэхэд 37.9, ажлын байрыг хамгаалахад 12.5, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад 13.2, иргэдийн орлогыг хамгаалахад 36.4 хувийг нь зарцуулсан байна. Тухайлбал, иргэдийн орлогыг хамгаалахад 2020-2021 онд 2.6 их наяд төгрөгийг зарцуулсаны 2 тэрбум 167,6 сая төгрөгийг хүүхдийн мөнгийг нэмэхэд, халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тэтгэмжийг нэмэхэд 273.5 тэрбум, малчин өрхөд ноосны урамшуулал олгоход 174.9 тэрбум, хүнсний талоны үнийг дүнг нэмэхэд 20 тэрбум төгрөг зориулжээ.


Харин Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулсан 1.2 их наяд төгрөгийг задалбал эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд 1,010.5 тэрбум, дархлаажуулахад 111.7 тэрбум, ЗГНС, ЗДНС-аас бэлэн байдлыг хангуулахад 39.9 тэрбум, ЕБС, цэцэрлэгт ашиглагдах хүнсний материалыг зорилтот бүлэгт тараахад 1,165.8 тэрбум төгрөг зарцуулжээ.


Мөн цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэхэд зарцуулсан 4.4 их наяд төгрөгийг задалбал, төсвийн орлогын тасалдлыг гадаад эх үүсвэрээс нөхөн санхүүжүүлэхэд 2,126.0 тэрбум, цахилгаан, дулаан, ус, хог хяагдлын төлбөрийг чөлөөлөхөд 1,036.8 тэрбум, хөл хорио үед иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоход 997.9 тэрбум, хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн албан татвар, импортын барааны НӨАТ-с чөлөөлөхөд 202.6 тэрбум төгрөг зарцуулжээ.



Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “4 удаагийн хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон. Хөл хорио тогтоож, иргэдээ вакцинд шуурхай хамруулаагүй бол багадаа 2.3 сая хүн халдвар авч, 20-40 мянган хүн нас барах байсан. Хувийн хэвшлийн 240 мянган ажлын байрыг хадгалж, 72 мянган ажлын байр шинээр бий болсон. 2021-2022 онд улсын төсөв болон ЭМДС-гийн эрсдэлийн сангийн хөрөнгөөр хүчилтөрөгчийн 26 жижиг үйлдвэр ашиглалтад оруулсан. PCR шинжилгээний 30 лабораторитой болсон” гэлээ.


Цар тахлын үед 2020-2021 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг өнгөрсөн онд ч үргэлжлүүлсэн. Цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим үйл ажиллагааны тухай Засгийн газрын тогтоолын дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1,169.4 тэрбум, нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмж сар бүр 288 мянган төгрөг олгох болсонтой холбогдуулан 83.2 тэрбум, цар тахлын үед айл өрхөд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газрын 2021.12.31-ний тогтоолын дагуу тодорхой шаардлага хангасан айл өрхийн цахилгаан, эрчим хүчний зардлыг 2022.5.31 хүртэл төр хариуцах болсонтой холбогдуулан 70.3 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна.


Related news