Жон Ленноныг хөнөөсөн этгээдийг батлан даалтад гаргахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-08-30 14:37:29

НЬЮ-ЙОРК. /BBC/. Жон Ленноныг хөнөөсөн Марк Чэпмений гаргасан батлан даалтаар суллагдах хүсэлтийг ес дэх удаагаа буцаасан байна.

Өдгөө 61 настай Чепмен домогт "Битлз" хамтлагийн гишүүн Жон Ленноныг 1980 онд Нью-Йорк хотод буудан хөнөөсөн билээ.

Тэрбээр батлан даалтын зөвлөлд гаргасан хүсэлтдээ, өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэг нь урьдаас бодож төлөвлөсөн, хорон муу үйл байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Харин тус зөвлөл хариуд нь “таныг суллах нь нийгмийн сайн сайханд нийцэхгүй" бөгөөд “хуулийг үл ойшоосон хэрэг болно хэмээн үзэж байна" гэжээ.

Чэпмен хүн амины хэрэгт гэм буруутай нь тогтоогдож 1981 онд 20 жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ. Манхэттэн дахь гэрийнхээ гадаа дөрвөн удаа буудуулан амиа алдах үедээ Леннон 40 настай байжээ.

Нью-Йорк хотын Засан хүмүүжүүлэх ба олон нийтийн хяналтын газраас гаргасан шийдвэрт "Чепмений сурч боловсрох гэсэн хичээл зүтгэл зэргийг харгалзан үзсэн" гэж дурджээ. 

Чэпмен 2018 оны 8 дугаар сард батлан даалтад гарах хүсэлтээ дахин өгөх бололтой.     

Х.Сарнай

 

 

Related news