Японд коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш гурван жил өнгөрч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2023-01-16 10:59:37

ТОКИО. /NHK/. Японд коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрч байгаа ч вирус орон даяар тархаж, халдвартай тэмцэх арга хэмжээнүүд, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангахад сорилт учруулсан хэвээр байна.


Эрүүл мэндийн яамны мэдээллээр, Японд коронавирусний халдварын ойролцоогоор 31 сая тохиолдол илэрч, 62 мянга гаруй хүн халдвараар нас баржээ. Өнгөрсөн онд халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалтын улмаас халдварын үзүүлэлтүүд огцом нэмэгдсэн бөгөөд 27 сая тохиолдол бүртгэгдэж, 39 мянга гаруй хүн нас баржээ. Эдгээр нь жилийн өмнөхтэй харьцуулахад 18, 2.6 дахин өндөр үзүүлэлт юм.


Гэхдээ Японы Засгийн газар өнгөрсөн зун халдварын долоо дахь давлагаа гарснаас хойш онцгой байдал зарлаагүй. Харин хүн амын дунд вакцинжуулалтын түвшин нэмэгдэж, өвчтөнүүдийн хүндээр өвчлөх, нас барах эрсдэл буурч байгааг харгалзан шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн тусгаарлагдах хугацааг богиносгож, хилийн хяналтын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар сулруулсан билээ.


Эрүүл мэндийн яам өдгөө уг халдварын статусыг улирлын томуугийнхтай ижил ангилалд оруулан шат бууруулах талаар хэлэлцэж байна. Одоогийн байдлаар “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүд зөвхөн тусгай эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа бол ангиллыг өөрчилсний дараа ердийн зориулалттай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой болно. Гэвч одоогийн найм дахь давалгааны үед халдвар өмнөх давалгаанаас илүү хурдан тархаж байгаа тул цар тахал дуусах болоогүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн сүүлийн үед өдөрт халдвараар нас барах тохиолдлын тоо нэмэгдэх болжээ. 

Related news