Канад, АНУ, Мексикийн удирдагчид цэвэр эрчим хүчинд шилжих үйл явцыг хурдасгахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-01-11 14:37:35

ОТТАВА. /TASS/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Мексикийн Ерөнхийлөгч Андрес Лопес Обрадор, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нар цэвэр эрчим хүчинд шилжих үйл явцыг хурдасгахаар тохиролцлоо. 


Хойд Америкийн эдгээр орны удирдагчид мягмар гарагт Мексикийн Мехико хотноо болсон гурван талын дээд хэмжээний уулзалтын үеэр ийм тохиролцоонд хүрсэн байна.


"Бид Хойд Америкт утаагүй автомашины үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэн, илүү цэвэр түлш рүү шилжих замаар цэвэр эрчим хүчний шийдлүүдийг хэрэгжүүлж, эрчим хүчний шилжилтийг хурдасгана" гэж дээд түвшний уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд онцолжээ. 


Үүний гадна, Канад, АНУ болон Мексик улс нь уур амьсгалын тухай Парисын хэлэлцээрээр 2030 он хүртэл хүлээсэн үүргээ биелүүлж, биологийн олон янз байдлыг хамгаалах, ойрын ирээдүйд дэлхийн температурын өсөлтийг Цельсийн 1.5 хэмд тогтоон барих чиглэлээр хамтарсан хүчин чармайлт тавина гэж мэдэгдэлд дурджээ. Тэд мөн эдгээр чиглэлээр тивийн уугуул иргэдтэй хамтран ажиллах үүрэг хүлээсэн байна. 

Related news