ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт “өрх” их гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-04 15:39:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурт өвлийн улиралд огт хөлддөггүй газрууд байдаг бөгөөд үүнийг “өрх” гэж нэрлэдэг. Тодруулбал, Хөвсгөл нуурын Ашихай, Мэргэний үзүүр, Хар ус, Хадан хүй гэдэг газарт жил бүр өрх гарч хөлддөггүй. Харин энэ жилийн хувьд Жиглэг, Хар ус, Хачим зэрэг газарт хөлдөөгүй өрх гарсан цоорхой ихтэй байна.

Хөвсгөл нуурын ус мөсөн бүрхүүл тогтсон ч мөсний даац хүн, мал, машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа аж. Иймд Ханх, Рэнчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Хатгал, Цагааннуур сумын иргэд, тээвэрчид, амарч аялж зугаалахдаа аюулгүй байдлаа ханган мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүллээ.

Related news