Бразилчууд домогт хөлбөмбөгчинтэйгээ салах ёс гүйцэтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-01-03 14:19:56

САН-ПАУЛУ. /G1/. Домогт хөлбөмбөгчин Пелетэй салах ёс гүйцэтгэх ёслол Бразилын Сан-Паулу хотын "Сантос" цэнгэлдэх хүрээлэнд даваа гарагт эхэлжээ. 


Пелегийн шарилыг хамгийн шилдэг гоолуудынхаа нэгийг оруулж байсан цэнгэлдэх хүрээлэнд байрлуулжээ. Хөлбөмбөгчнийг мягмар гарагт буюу өнөөдөр оршуулах юм. Оршуулах ёслолын өмнө домогт хөлбөмбөгчний шарилыг Сантос хотын гудамжаар авч явна. Оршуулах ёслолд Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва оролцох төлөвтэй байна. 


Пелегийн шүтэн бишригчид түүнтэй салах ёс гүйцэтгэхээр цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы урд талд урт дараалал үүсгэжээ. Тэдний зарим нь үүр цайхаас өмнө ирж дараалалд зогссон байна. 


Хөл бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэг, хөл бөмбөгийн хаан хэмээх эрхэм хүндэтгэлийг зүй ёсоор хүлээсэн, Бразилын домогт довтлогч Пеле удаан хугацааны туршид хүндээр өвдсөний эцэст 2022 оны 12 дугаар сарын 29-нд 82 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд хорт хавдрын эмчилгээ хийлгэж байжээ. 

Related news